Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгох зээлийг нэмэгдүүлэх зорилго бүхий шинэчлэлүүдийг Монголын банкууд дэмжинэ

10-Р Сар 18, 2012

Монголын банкны холбоо (МБХ) нь Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Европын сэргээн босголт хөгжлийн банктай (ЕСБХБ) хамтран Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ) болон бусад зээл авагчдад санхүүжилт авах илүү өргөн боломж олгоход шаардлагатай байгаа шинэчлэлүүдийг хэлэлцэх хагас өдрийн дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.


Барьцаат зээлийн шинэчлэл гэдэг нь Монголын зээл авагчдад “хөдлөх хөрөнгөөр” зээлийн барьцаа гаргах бололцоо олгох эрх зүйн орчныг бий болгох санаачлага бөгөөд энэ нь тоног төхөөрөмж, авлага, бараа материал болон бусад төрлийн хөдлөх хөрөнгөөр гаргах барьцааг бүртгэх үндэсний хэмжээний бүртгэлийг бий болгох зорилготой. Уг бүртгэл нь нэг ижил барьцаа хөрөнгөөр олгосон зээлийн нэхэмжлэлүүд давуу байдлын ямар дараалалтай байгаа талаарх мэдээллээр тухай бүр хангаж байх юм. ЖДҮ-үүдэд өөрсдийн илүү их хөрөнгийг барьцаалах боломж олгосноор уг шинэчлэл нь санхүүжилт авах бололцоог нь нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. Энэ талаар МБХ-ны гүйцэтгэх захирал Б.Найдалаа хэлэхдээ “Банкууд хөдлөх хөрөнгөөр гаргах барьцааг системтэй бүртгэдэг, амьдрал дээр батлагдсан энэхүү хандлагыг ашиглан санхүүжилт авах бололцоог нь сайжруулахыг хүсч сонирхож байгаа. Энэ нь зээл авагч болон зээл олгогчийн аль алинд нь ашиг тустай” гэв.


ЕСБХБ-ны хувьд Хууль зүйн яаманд зээлийн барьцааны тухай хуулийн төсөл боловсруулах болон шаардлагатай бусад эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар зөвлөлгөө өгөх техникийн туслалцаа үзүүлэх байдлаар энэхүү шинэчлэлд өөрийн хандиваа оруулсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Филип тэр Воорт энэ үеэр “Барьцаат зээлийн шинэчлэл нь ЖДҮ-үүдийн санхүүжилт авах бололцоог сайжруулахад чиглэгдсэн бөгөөд ингэснээр Монгол улсын эдийн засгийн олон талт хөгжилд хувь нэмэр оруулах хүчин зүйл болж чадах болно” гэж цохон тэмдэглэлээ.


Дэлхийн банкны гишүүн, хувийн хэвшлийн хөгжилд анхааран ажилладаг ОУСК нь хөдлөх хөрөнгөөр гаргах барьцааны бүртгэлийг бий болгох болон хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох хамгийн сайн практикын талаар зээл олгогчдод сургалт явуулах зэрэг техникийн туслалцаа үзүүлэх байдлаар уг шинэчлэлтийн хэрэгжүүлэлтэд хандив оруулж байгаа юм. ОУСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Туеэн Нгуеэн мөн энэ үеэр “ЖДҮ нь эдийн засгийн олон талт хөгжлийг хангах, ажлын байр бий болгох болон ард олонд амьдралаа сайжруулах боломж бололцоог бий болгоход маш чухал. ОУСК нь санхүүгийн болон бусад зөвлөх үйлчилгээнүүд үзүүлж жижиг бизнесийн орчинг бий болгоход Монгол улсад дэмжлэг үзүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байгаа” гэж тэмдэглэн хэлэв.


Уг санаачлагыг Европын холбоо, Швейцарийн эдийн засгийн хэрэг эрхлэх төрийн нарийн бичгийн даргын газар, ЕСБХБ болон ОУСК санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа болно.
Энэхүү төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Батболдын .Батмөнхтэй (ОУСК) 11-312694 утсаар эсхүл Эрик Гуэтшофтай (ЕСБХБ) 11-317974 утсаар хандан авах боломжтой юм.