Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООВОЛ МАНАЙД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ЦЭЦЭГЛЭНЭ

11-Р Сар 13, 2018

2018 оны 2-р улирлын байдлаар манай улсад зээлийн дундаж хүү 17.6 хувьтай байгаа бол жижиг, дунд бизнесийн зээлүүд үүнээс ч өндөр байна. Улаанбаатар хотын зарим мөнгө хүүлэгчид өдрийн 10 хувь, жилийн 1200 хувийн хүүтэй зээл өгч байна шүү дээ. Яагаад бид ийм өндөр хүүтэй зээл төлөх ёстой гэж? Бид чинь тал нутгийг эзэгнэж төрсөн цагтаа дэлхийн талыг байлдан дагуулсан хөх толбот Чингис хааны үр удам шүү гэмээр байгаа ч бид буруу зөвийг хаа хаанаасаа хайх цаг нь болжээ. Популист улстөрчдийн амнаас гарсан сайхан үгсүүдэд итгэхээсээ өмнө бид иймэрхүү асуудалд нухацтай хандах цаг нь болжээ.

Олон улсад бид ямар түвшинд байна вэ? Ер нь зээлийн хүү өндөр гэдгийг бид хэрхэн харьцуулж мэдэх вэ? 2017 оны байдлаар Монгол улс орлого багатай орнуудтай харьцуулахад зээлийн хүүгийн түвшин бага, дунджаас доогуур орлоготой буюу өөртэйгээ ижил түвшний орнуудтай харьцуулахад 5 нэгж хувиар өндөр, бүс нутагтаа буюу Зүүн ази, Номхон далайн орнуудтай харьцуулахад 10 нэгж хувиар өндөр байна. Харин 2018 оны 2-р хагаст зээлийн хүү 3 пунктаар буурснаар дунджаас доогуур орлоготой орнуудтай ойролцоо түвшинд хүрээд байна.

Эх үүсвэр: Монгол банк

ТӨР ЗАСАГ МААНЬ ЭНЭ ЧИГЛЭЛД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

Зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах тал дээр бодлогын байгууллагууд маань хөдөлж эхэлсэн нь сайшаалтай. Нэг талаас Монгол банк зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулсан бол нөгөө талаас Ардчилсан намаас зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийг санаачлав. Энэхүү хоёр төслийн зорилго ижил ч, хүрэх зам нь өөр. Энэ зорилгод хэн нэгэнтэйгээ уралдах бус хамтарч зүтгээд нэг үр дүнд хүрэх хэрэгтэй.

Сайхан нэртэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэж байгаа хэдий ч бид судалж, нягталж байх нь зүйтэй. Бид суурь шалтгаанаа шийдэхгүй л бол зээлийн хүүний хязгаар мянга тогтоогоод зээлийн хүү өндөр хэвээр байна. Доорх хүснэгтээс та бүхэн ялгааг нь харах боломжтой.

Монгол банк

Ардчилсан нам

Нэр

Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хууль

Хүүг хэрхэн бууруулах вэ?

Зах зээлийн суурь эрсдэлийг бууруулах байдлаар

Зах зээлийн дундаж хүүд дээд хязгаар тогтооно.

Зээлийн хүү өндөр байгаа шалтгаан

  • Улсын зээлжих зэрэглэл муу
  • Хадгаламжийн төвлөрөл өндөр
  • Төсвийн өндөр алдагдал
  • Ханшийн сулрал
  • Инфляци, түүнийг дагасан бодлогын хүү өндөр байдал
  • Банкууд луйвар хийж байна буюу ашиг маш ихээр хийж байна.

Ямар зорилт тавьсан вэ?

  • Инфляцийг бага байлгах
  • Валютын нөөц нэмэх
  • Төсвийн зардал хэмнэх
  • Эдийн засгийг төрөлжүүлэх
  • Бодлогын хүүний нөлөөг сайжруулах
  • Зээлийн эрсдэлийг бууруулах хууль эрхзүйн орчинг бий болгох
  • Засаглалыг сайжруулах
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хязгаарыг 18 хувь дээр барих
  • Цалингийн зээлийн дээд хязгаар 18 хувь
  • Тэтгэврийн зээлийн дээд хязгаар 12 хувь
  • Бусад зээл 24 хувь

Хэрэгжүүлсний дараах бодлогын үр дүн ямар байдаг вэ? Олон улсын туршлага байна уу?

Хөгжингүй орнууд нь зах зээлийн суурь зарчмаар тогтоосноор зээлээ дунд, урт хугацаанд амжилттай бууруулж чадсан.

70-80 орон (Латин Америк, Африк, Зүүн Ази) хэрэгжүүлсэн бөгөөд банк эрсдэлийн түвшин багатай зээлдэгчдээ зээлээ олгож, өндөр эрсдэлтэй зээлдэгч рүү зээл олгохоо зогсоодог.

Эх үүсвэр: Монгол банк, Хуулийн төсөл

МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ-н биелэх боломжийн тухай ярилцацгаая. Энэ хүрээнд хэд хэдэн зорилтуудыг тавьсан ч тэдний гарын үзүүр хүрч чадахгүй газар гэж бий. Инфляцийн тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, бодлогын хүүний нөлөөг сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг нь тэдний тэргүүлэх чиглэлд хийж чадах ажлуудын нэг. Харин эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, засаглалыг сайжруулах зэрэг нь Монголбанкнаас төдийлөн хамаарахгүй зүйл юм. Ялангуяа төсвийн зардал нэмэгдэх л юм бол Монголбанкны дээр дурьдсан хөтөлбөр замхран одох болно. Ийм л эмзэг. Учир нь төсвийн зардал хэт нэмэгдсэнээр инфляци нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, зээлжих зэрэглэл буурах зэргээр эргээд л зээлийн хүү өндөр хэвээр байх болно. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бодлогын байгууллагуудын уялдаа холбоо маш чухал.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООВОЛ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ЦЭЦЭГЛЭХ БОЛНО.

Хэн бүхний хувьд цалингийн зээлээ бага хүүтэй, аав ээж минь тэтгэврийн зээлээ бага хүүтэй авбал үнэхээр сайхан л байхсан. Гэхдээ эдгээр зүйлсээс бий болох үр дагаврыг бид илүү бодох хэрэгтэй. Энэхүү төсөл хөтөлбөрүүд нь жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр шиг байж болохгүй.

Тухайлбал зээлийн хүүд дээд хязгаар тогтоовол яг юу болох вэ? Хотын хөдөлгөөн ихтэй бүсээр алхахад л та ломбард гэсэн бичгийг хаа сайгүй харах болно. Өөрөөр хэлбэл банкнаас очоод хүссэн зээлээ гаргуулж чадаагүй ард иргэд аргагүйн эрхэнд ломбарднаас жилийн 50 хувийн хүүтэй зээл авдаг. Улмаар жаахан олсон юмаа сар бүрийн зээлийн өндөр хүү төлсөөр өвдөх эрхгүй, амрах эрхгүй амьдралынхаа төлөө зүтгэдэг. Энэ цикл зогсолтгүй үргэлжилнэ.

За тэгвэл банкуудын хүү өндөр байгаа юм байна. Тэгвэл банкуудын хүүг буулгачихвал л ард иргэд маань сайхан болж, энэ олон мөнгө хүүлэгчдийн ч хэрэгцээ шаардлага багасна. Бодоход болмоор ч юм шиг... Гэвч банк, санхүүгийн байгууллагууд нь ашигийн төлөө байгууллага учраас бага хүүтэй зээл өгөхдөө хүрвэл илүү найдвартай зээлдэгчдэд өгнө. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ авч чаддаг байсан харилцагчдын зээл авах боломж багасч, улмаар нөгөө зогсолтгүй цикл рүү нэмэгдэж орох болно. Жишээ нь: Банк, санхүүгийн байгууллагад янз бүрийн хүүгээр зээл авч байгаа 100 зээлдэгч байдаг гэж үзвэл тэд эрсдэлийн түвшин өндөр зээлдэгч нартаа бага хүүтэй зээл олгохгүй. Жишээлбэл 40 зээлдэгч нь ямар нэг хэмжээгээр зээл авах боломжгүй болсон гэж үзье. Тэгвэл тэрхүү 40 зээлдэгч бизнесээ өргөжүүлэх, хувийн амьдралаа дээшлүүлэхийн тулд хаана хандах вэ? Нөгөө л дээрх цикл рүү орж ломбард эсвэл өдрийн хүүтэй мөнгө хүүлэгчдээс авах уу? Манайх шиг далд эдийн засаг ихтэй улсад энэхүү 40 хүн илүү өндөр хүүтэй зээл авч, өрийн хавханд орох нөхцөл бий болдог.

Өөрөөр хэлбэл захиргаадалтын хүү нь зах зээл дээрх хүмүүсийг санхүүгийн харилцаанд (зээл, хадгаламж гэх мэт) орох боломжийг нь хязгаарладаг. Гэтэл ядуурлын түвшин 30 хувьтай манай улсад зээл авч чадах хэсэг нь нийгмийнх цөөнх л байх болно.

ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН СУУРЬ ШАЛТГААН, ТҮҮНИЙГ ЭМЧЛЭХ НЬ

Бүс нутаг, орлогын түвшин ойролцоо бүхий л орнуудад зээлийн хүү яагаад ийм өндөр байна вэ? Шалтгаан нь юу байна вэ? Зүгээр л банкууд иргэд, аж ахуй нэгжийг шулаад байгаа хэрэг үү? Монгол улсад яагаад зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг тодорхойлсон олон судалгаа байдаг. Доор дурьдсан олон шалтгаануудыг бүгдийг нь уялдаатай хэрэгжүүлж чадвал зээлийн хүү хурдацтай буурах боломж бий.

НЭГ. ЗАСГИЙН ГАЗАР НЬ ТОГТВОРТОЙ, ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ САЙН ҮЕД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛНО.

Грек, Ромд зээлийн хүү жилийн 5 хувьд хүрч байсан ч улс төрийн хямралаас шалтгаалан эргэн 40 хувь хүртэл өссөн юм. Өмссөн зүүсэн, үзэж харсан нь ялгаатай боловч түүхээс л бид өөрсдийгөө харах боломжтой. Сүүлийн 6 жил явуулсан улс төрийн бодлого нь манай улсын зээлжих зэрэглэлийг CAA1 түвшинд аваачсан. Зээлжих зэрэглэлийг маш энгийнээр тайлбарлая. Бид банкнаас зээл авах үед банкууд бидэнд зээлийн нөхцөл тавьж, хүссэн хэмжээнд маань зээл гаргаж өгдөггүйтэй адил банкууд ч гэсэн олон улсын зах зээлээс мөнгө гуйхаар явдаг. Энэ үед яг адилхан танай улсын зээлжих зэрэглэл 100 доллараас 20-40 доллар л авч чадах хэмжээнд байна. Авах эсэхээ өөрсдөө л мэд гэдэг. Банкууд өндөр өртөгтэй 20 доллараа авч ирээд зардал, эрсдэл, ашигаа нэмээд бидэнд зээлдэг. Тэгвэл зээлжих зэрэглэлийг хэн тогтоодог вэ? Дэлхий өнцөг булан бүрт зээлжих зэрэглэл тогтоогч томоохон 3 байгууллага (Moody`s, Fitch, S&P) байдаг бөгөөд танай улс өндөр эрсдэлтэй, өр чинь нэмэгдсэн, Засгийн газар чинь хурдан солигддог, төсөв чинь алдагдалтай гэж үнэлээд 100 доллараас 20-40 доллар хооронд л авах боломжтой гээд тавьчихдаг. Тиймээс асуудлын суурь бол манай улс төр, эдийн засгийн орчин байх нь.

Угийн л эдийн засгийн орчин нь хэцүү л дээ. Баялгийн хараал, Голланд өвчин гээд хамаг л болохгүй бүтэхгүйгээрээ дуудуулсан Монгол хэмээх айл. Зэс, нүүрс хоёроо газар ухаж зараад, тэндээсээ олдсон жаахан юмаа хадгалах ч үгүй тэр дор нь хуваагаад идчихдэг, хэрвээ түүхий эдийнх нь үнэ буурчихвал хүүе болохоо байлаа гээд ханш нь савчихдаг. Дотроо ямар нэг зүйл үйлдвэрлэж чадахгүй болохоор ханшийн нөлөөгөөр импортын бараа нь үнээ өсгөчихдөг. Яг үнэндээ 1990 оноос өмнө Монгол аж үйлдвэржсэн орон байсан юм шүү. Англи, Франц шиг улсууд бүгд л Африкийн орнуудыг та хэд үйлдвэржээд хэрэггүй, зүгээр л манайхаас ав. Оронд түүхий эдийг чинь өндөр үнээр авая гэж эхэлсэн өнөөдөр нөхцөл байдал ямар байна? Манайх үүнтэй л агаар нэг.

ХОЁР. ЗАСГИЙН ГАЗАР ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДООР ХАДГАЛАМЖТАЙ ӨРСӨЛДӨХӨӨ БОЛИХ ҮЕД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА.

Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой шиг манай төсөв эдийн засгийн сайн муу бүх жилүүдэд л алдагдалтай байдаг. 2008-2017 оны хооронд төсөв маань дандаа алдагдалтай явж ирсэн. Азаар нүүрсний үнэ өсч, 2018 оноос төсвийн ашигтай явж байгаа билээ. Хураасан татварын орлогоосоо илүү зарлага гаргачихаар хаа нэгтээгээс олж тэр зарлагыг нөхөх шаардлага гардаг. Тиймээс л Засгийн газар алдагдлаа нөхөхийн тулд өндөр хүүтэй бонд гаргачихдаг. Ийм өгөөж өндөртэй бондыг банкууд эрсдэлгүй, хөрвөх чадвартай хөрөнгө гээд худалдаад авчихдаг. Нэгэнт ийм өгөөж өндөртэй бонд худалдаад авчихсан юм чинь нөгөө талдаа өндөр хүүтэй хадгаламж ч амалж чадахаар болдог. Дээр нь манай санхүүгийн зах зээл дээрх хадгаламжийн төвлөрөл маш өндөр учраас банкуудын өрсөлдөөн ч бас хадгаламжийг өндөр хүүтэй болгодог. Тэгэхээр хадгаламжийн хүү өндөр тогтдог шалтгаан нь засгийн газрын өндөр хүүтэй бонд, банкуудын хадгаламжийн төлөөх өрсөлдөөн болдог байх нь. Ингээд л хадгаламжийн хүү буурах ямар ч хөшүүрэггүй болчихдог. Хэрвээ манай улсад ашиг, орлого олох илүү санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй байсан бол ард иргэд маань зөвхөн хадгаламж бодоод байхгүй. Хөгжсөн орнуудад хөрөнгийн зах зээл нь лангуун дээрээ энэ бүтээгдэхүүнийг төрөл бүрээр гаргадаг учраас банкуудын хадгаламжийн хүү ч дагаад бага байдаг.

2018 он гарсаар манай төсөв ашигтай байснаар засгийн газрын бонд зах зээлд арилжаалагдаагүй. Улмаар банкуудын хадгаламжийн хүү буурах, түүнийг дагаад зээлийн хүү буурах боломжийг нэмэгдүүлж байна. Засгийн газрын бонд гарч болно л доо. Гэхдээ тийм өндөр хүүгээр гарах нь хадгаламжийн хүү өндөр байх нэг шалтгаан болж байгааг харах хэрэгтэй. Харин энгийн иргэдийн хувьд бол жинхэнэ зах зээлийн хүүгээр нь л олсон жаахан юмаа инфляци буюу үнийн өсөлтөөс хамгаалаад л хуримтлуулдаг. Үнэндээ тэгээд нэг шоргоолжны үлгэр шиг л гинжин хэлхээ ихтэй байгаа биз. Энэ чинь л өөрөө эдийн засгийн онцлог шүү дээ.

Шилжилтийн үеийн эдийн засагтай орнуудтай харьцуулахад манай улсын зээлийн хүү ойролцоо түвшинд байгаа ч хадгаламжийн хүү өндөр байгааг Төв банкны судалгаа харуулсан. Тиймээс засгийн газар нь төсвийн алдагдлаа багасгаж, бондын өндөр хүү амлахгүй байснаар ядаж л инфляцийн түвшингээс хамгаалахуйц хадгаламжийн хүү бий болно. Банк хадгаламжаа нэгэнт бага өртөгтэй татсан учраас цаашлаад зээлийн хүү ч буурах боломжтой болно.

ГУРАВ. ХҮН БҮР ӨӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ШИГ ЗЭЭЛ Ч БАС ӨӨРИЙН ЗОРИЛГОТОЙ. БИД САНХҮҮГИЙН САХИЛГА БАТТАЙ БОЛСНООР ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ ЧАДНА.

Зээлдэгч бидний хамгийн их алддаг алдаа бол зээлийн зориулалт. Зээл бол бид ирээдүйгээсээ авч буй орлого учраас ирээдүйд болох ямар нэгэн эрсдэлийг өөртөө үүрч байгаа гэдгээ мартаж болохгүй. Тиймээс зээл авахаасаа өмнө зээлийг хэрхэн, юунд зарцуулахаа зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Хятадын гүн ухаантан Күнз нэгэн цагт төрийн албан хаагч байсан бөгөөд улмаар тухайн үеийн томчуудын үл таалах хууль танилцуулснаас болж ажлаасаа халагдсан гэдэг. Күнз өөрийн онол, сургаалиа Хятадын соёл, уламжлалд нэвт шингээн бичсэн учраас Хятадын төдийгүй дэлхийд өөрийгөө мөнхөлж чадсан. Тэрээр сайн засаглалын амьд сүнс нь хүмүүс гэж хэлсэн байдаг. Тэгэхээр санхүүгийн системд ч гэсэн хүмүүс бид чухал үүрэгтэй. Өнөөдөр та зээлдээ хариуцлагагүй хандаж төлөхгүй байвал тэрийг хэн төлөх вэ? Энэ мөнгийг заавал хэн нэгэн төлөх ёстой болохоор таньтай ижил зээл авсан хүмүүс таны зээлийг төлөлцөж байдаг. Биднийг илүү хариуцлагатай, хувиа хичээхгүй байхыг энэхүү засаглал нь шаардаж байгаа юм.

ДӨРӨВ. ҮНДСЭРХЭГ ҮЗЛЭЭ ЯДАЖ ТӨГРӨГ ДЭЭРЭЭ ГАРГАЖ, ДОЛЛАРААС АШИГ ХАРАХАА БАЙЦГААЯ.

Үндэсний мөнгөн тэмдэгттэй байна гэдэг нь доллараас ч илүү үнэ цэнэ юм шүү. Тэртээ 1920-д онд Монголын санхүүгийн зах зээлийг гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчид ноёрхдог байв. Ардын хувьсгалын ялалтын дараа бид үндэсний төв банк, үндэсний мөнгөн тэмдэгтээ санхүүгийн системд нэвтрүүлж эхэлсэн. Тухайн үеийн хүмүүст өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ашиглах гэдэг хичнээн бахархал төрүүлэм байсан бол... Гэтэл одоо бид төгрөгөө "ногоон"-ы эсрэг жаахан сулрахад л банк руу гүйж доллар солиулахыг хүсдэг зуршилтай болж... Энэ бол үнэндээ зээлийн хүү өндөр байгаагийн нэг суурь юм шүү. Уг нь манай Монголчууд чинь омогших, үндсэрхэг үзэл гаргахтай дуртай улс ийм зүйл дээр л ёс зүйтэй, ашиг харахгүй байх хэрэгтэй байгаа юм.


Монголын Банкны Холбооны дэргэдэх Судлаачдын клуб

2018.11.13