Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын гүйцэтгэх удирдлагууд Монголд чууллаа

10-Р Сар 01, 2013

Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн 12 дахь хурал, хурлын өмнөх дээд түвшний семинар энэ сарын 28-30-ны өдрүүдэд Мөнгөний бодлогын шинэ хэв шинж болон санхүүгийн салбарын макро уялдаа сэдвээр Монгол Улсад зохион байгуулагдав. Уг хурлыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал даргалан хуралдууллаа. Хуралд БНХАУ, БНСУ, БНВУ зэрэг Зүүн Өмнөд Азийн нийт 16 орны Төв банкны дэд ерөнхийлөгч нар болон гүйцэтгэх зөвлөлийн удирдлагууд оролцсон байна.

Энэ хүрээнд Дэлхийн санхүүгийн хямралаас хойш Төв банкууд юуг хийж болох, болохгүй талаар бид юуг сурав; Хөрөнгийн тогтворгүй урсгал, ханшийн савлагааны үед санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах; Санхүүгийн мөчлөг, түүнд тохируулсан хариу бодлого; Хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын төлвийн өөрчлөлтөд хөгжиж буй орнууд хэрхэн бэлтгэх вэ зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Мөн түүнчлэн “Мөнгөний бодлого хэрэгжүүлэх арга барил өөрчлөгдөж, өөрчлөлт нь шинэ стандарт болон хэвшиж байгаа бөгөөд энэ шинэ нөхцөл байдал нь ажилгүйдэл буурсан хэдий ч эдийн засгийн өсөлт саарсаар, зээлийн хүүг бууруулсан ч эдийн засгийн өсөлт сул хэвээр байгаа нөхцөл болоод байна. Дэлхийн гол Төв банкууд эдийн засгийн өсөлтөд өмнөхөөс илүү анхаарал хандуулах боллоо. Мөнгөний бодлого хэрэгжүүлэх энэ шинэ арга барил нь эргэлт буцалтгүй шинэ орчин үүсгэж эхлээд байна. Цаашид мөнгөний бодлого хэрэгжүүлэх арга барил өөрчлөгдөх шилжилтийн үед орж байна” гэж Азийн төв банкуудын дэд ерөнхийлөгч нар ярилцлаа.

Эдийн засаг дах бодит секторын мөчлөг, санхүүгийн секторын мөчлөгийн хоорондын харилцан хамаарал анхаарал татсан бас нэг сэдэв боллоо. Санхүүгийн сектор угаасаа бодит секторын мөчлөг дагаж, заримдаа бодит секторыг дагуулан өөрчлөгдөж байдаг утгаараа мөчлөг дагасан шинжтэй байдаг билээ. Энгийнээр хэлбэл санхүүгийн салбар өөрөө бодит секторыг хэт түргэн тэлэхийн шалтгаан болж тэр нь эдийн засгийн мөчлөг дагуулдаг гэсэн урьдын ойлголтыг судалж үзэхийг санал болгожээ.

Шинэ маягаар хэрэгжүүлсэн мөнгөний нийлүүлэлтийг хурдасгах үр дагавартай мөнгөний бодлогын арга барилыг эерэг талаас нь харж шилжилтийг зохистой байдлаар хэрэгжүүлэх нь зөв алхам болно гэж Дэд ерөнхийлөгч нар мөн санал нэгдлээ.

Санхүүгийн зах зээлийн даяаршил бидний бодож байгаагаас ч илүү нягт уялдаатай болжээ. Тийм ч учраас гадаад шок санхүүгийн салбарын нэн чухал зүйлсийн нэг болж байна. Гадаад шокыг валютын ханшийн өөрчлөлт ашиглан зөөлрүүлэх нь бараг маргашгүй зөв сонголт боллоо. Хамгийн гол гадаад шокыг санхүүгийн салбарт тодорхой хэмжээнд шингээж байж бодит эдийн засгаа хамгаалах оновчтой сонголт болохыг олон улсын туршлага нотолж байна.

Мэдээллийн эх сурвалж: www.mongolbank.mn

Фото зураг: