Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

КАПИТРОН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР О.ХҮРЭЛБААТАР ТОМИЛОГДЛОО.

7-Р Сар 27, 2015

Капитрон банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус банкны ТУЗ-ийн гишүүн О.Хүрэлбаатарыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо.

Капитрон банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч П.Мөнхсайхан нь Гүйцэтгэх захирлаар ажиллах нь Компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлэхэд нийцэхгүй байсан тул банкны үйл ажиллагааг шинэ түвшинд удирдан зохион байгуулах үүднээс өөрийн албан тушаалаа, Монгол улсын банк санхүүгийн салбарт 30 орчим жил ажилласан, туршлага бүхий мэргэжилтэн О.Хүрэлбаатарт хүлээлгэн өглөө. Ингэснээр Капитрон банкны цар хүрээг нийгэм-эдийн засгийн орчинд тэлэх, Компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлэх ач холбогдолтой.

О.Хүрэлбаатар нь:

  • 1988-1990 онд Улсын Банкны Ерөнхий хороо (УБЕХ)-ны Гадаад тооцооны газарт нягтлан бодогч, дилер, ахлах дилер
  • 1990-2001 онд Худалдаа Хөгжлийн банкинд Дэд захирал
  • 2002-2009 онд Монгол Шуудан банкинд Зээл, гадаад харилцаа, гадаад тооцоо хариуцсан Дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогч
  • 2009-2010 онд Хадгаламж банкны Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга
  • 2011-2015 онд “Саусгоби Сэндс” ХХК-д Засгийн газрын харилцаа эрхэлсэн зөвлөх, “Ачит-Ихт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал
  • 2011 оноос Капитрон банкны ТУЗ-ийн дарга ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байна.

Тэрбээр 1981-1986 онд “Москвагийн Олон Улсын харилцааны Дээд сургууль”-ийг Олон Улсын Эдийн засагч мэргэжлээр төгссөн ба Банкны удирдлага, эдийн засгийн удирдлага, валют болон үнэт металл арилжааны чиглэлээр АНУ, ОХУ, Япон, Их Британи, Австри, Люксенбург зэрэг улсад суралцаж, мэргэжил дээшлүүлсэн туршлагатай.

Гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар нь Монгол улсын Банк санхүүгийн салбарт 1988 оноос хойш тасралтгүй ажиллах хугацаандаа 2000 онд “Банк Санхүүгийн Тэргүүний ажилтан” цолоор, 2014 онд “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн Одон”-оор тус тус шагнагдсан.