Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МБХ-ны гүйцэтгэх захирлаар Л.Төр-Од томилогдлоо

8-Р Сар 14, 2012

2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах Зөвлөл хуралдаж МБХ-ны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Лхагважавын Төр-Одыг сонгон томилов.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд анхлан суралцаж, улмаар Энэтхэг улсын Хууль зүйн Үндсэний Их Сургуулийг эдийн засаг, нийгэм, улс төрийн бакалавр, хууль зүйн гүнзгий мэргэшсэн бакалавр зэрэгтэй эрх зүйч мэргэжил эзэмшиж Английн Лондонгийн Их Сургуульд Эрх зүй ба хөгжлийн эдийн засгийн чиглэлээр Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан болно. Л.Төр-Од нь Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Монголын Эдийн Засгийн Форум, арилжааны банкны салбарт удирдах ажил хийж байсан арвин туршлагатай юм.

МБХ нь 2011 оны эцэст хийсэн чуулганаараа Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдыг ерөнхийлөгчөөр, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Голомт банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны тэргүүн дэд захирал П. Даваа нарыг дэд ерөнхийлөгчөөр сонгон Холбооны хийж буй ажлуудыг улам эрчимжүүлэх, цар хүрээг өргөтгөх зорилго тавин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 3 жилд МБХ-ны хийж гүйцэтгэсэн гол ажлуудаас дурдвал:

- Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг боловсруулах

- Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулах

- Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд идэвх санаачлагатай, заримыг нь манлайлан зохион байгуулах байр сууринаас оролцож,

- Зээлийн Мэдээллийн Төв (ЗМТ ХХК)

- Зээлийн батлан даалтын сан (Си Жи Эф ХХК) - Банк Санхүүгийн Академи (Мэдлэггүүр ХХК) зэрэг банк санхүүгийн салбарын дэд бүтцийн хөгжилд чухал ач холбогдол бүхий байгууллагуудыг мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн санаачилга, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр байгуулан ажиллуулж байна.

Энэ удаагийн ээлжит хурлаар МБХ-ны Удирдах Зөвлөл шинэ гүйцэтгэх захирлыг томилохоос гадна зээлийн барьцаа хөрөнгийг борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа тухай болон Монгол улсад гадаадын банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн зохицуулалтын тухай зэрэг салбарын бодлогын асуудлуудыг хэлэлцлээ.

“МБХ-ны эцсийн зорилго Монгол улсын санхүүгийн салбар, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин хөгжүүлэх, ард иргэдийн чинээлэг аж байдлыг бий болгоход оршиж байна. Монголын банкууд банк санхүүгийн үйлчилгээгээ харилцагчдын эрэлт хэрэгцээнд улам ойртуулж нийцтэй болгохын төлөө шаргуу ажиллаж байна. Энэ эрхэм үйлсэд өндөр мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажилласан Зуунайн Шагдарсүрэнд нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирлын албанд шинээр сонгогдсон Лхагважавын Төр-Одод ажлын өндөр амжил хүсье.” хэмээн Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Магваны Болд тэмдэглэв.