Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэл

2-Р Сар 12, 2014

Мөнгөний бодлогын шийдвэрийн тухай

Дугаар: 2014/01

Мөрдөж эхлэх огноо: 2014 оны 2 сарын 12

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд хуралдаж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтыг хангах хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа:

  • Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээх;
  • Олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх. 

Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн гадаад орчин сайнгүй, төлбөрийн тэнцлийн дарамт өндөр байсан боловч, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ (ТЗБҮ)-ний үнийн өсөлтийг эс тооцвол инфляци зорилтот түвшний орчимд байна. Эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монголбанк, Засгийн газрын хамтарсан дунд хугацааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхдээ уг хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал гэж үзэв. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсаар байгаа нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж байна. Түүнчлэн, 2013 оноос шинээр бий болсон улсын төсөвтэй адилтгах зардал, түүний тодорхой бус байдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулж байна.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг 2 долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

Мэдээллийн эх сурвалж: www.mongolbank.mn

Мөнгөний бодлогын зөвлөлийн мэдэгдэл татах