Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх Захирлаар Б.Найдалаа томилогдлоо

9-Р Сар 24, 2012

2012 оны 8 дугаар сарын 31-ны өдөр болсон Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах Зөвлөлийн ээлжит бус хурлаар МБХ-ны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Бадрахын Найдалааг сонгон томилов. Б.Найдалаа нь СЭЗДС-ийн Эдийн засаг, Эконометриксийн тэнхимд багш, Чингис Хаан банкны Ахлах мэргэжилтэн, Анод банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, М Си Эс Группын Хөрөнгө оруулалтын ахлах менежер, Юнител Группийн Бизнес хөгжлийн газрын захирал, 2011 оноос Монголын Эдийн Засгийн Форум ТББ-ын гүйцэтгэх захирал зэрэг банк санхүү, эдийн засгийн салбарт удирдах ажил хийж байсан арвин туршлагатай юм.

МБХ-ны Ерөнхийлөгчөөр Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд, Дэд Ерөнхийлөгчөөр Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Голомт банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны тэргүүн дэд захирал П. Даваа нар ажилладаг бөгөөд Холбооны хийж буй ажлуудыг улам эрчимжүүлэх, цар хүрээг өргөтгөх зорилго тавин, банк санхүүгийн салбарын дэд бүтцийн хөгжилд чухал ач холбогдол бүхий байгууллагуудыг мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн санаачилга, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр байгуулан ажиллуулж байна. “МБХ-ны эцсийн зорилго Монгол улсын санхүүгийн салбар, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин хөгжүүлэх, ард иргэдийн чинээлэг аж байдлыг бий болгоход оршиж байна. Монголын банкууд банк санхүүгийн үйлчилгээгээ харилцагчдын эрэлт хэрэгцээнд улам ойртуулж нийцтэй болгохын төлөө шаргуу ажиллаж байна.

Ингээд ээлжит бус хурлыг төгсгөлд Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Магваны Болд “Энэ эрхэм үйлсэд өндөр мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажилласан Лхагважавын Төр-Одод нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийн ялдамд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирлын албанд шинээр сонгогдсон Бадрахын Найдалаад ажлын өндөр амжил хүсье.” хэмээн цохон тэмдэглэв.