Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ XIII ЧУУЛГАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

12-Р Сар 18, 2018


Монголын Банкны Холбоо нь жил бүрийн 12 дугаар сард бүх гишүүдийг оролцуулан чуулганаа зохион байгуулж, тухайн жилийнхээ ололт амжилтаа дүгнэдэг уламжлалтай. Ээлжит XIII чуулганыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа. 



Энэ удаагийн чуулганы үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй удирдлагуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь онцлох явдал байлаа. Мөн Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас 2018 онд Төв банкнаас баримтсан байр суурь, бодлогын арга хэмжээнүүд, цаашид арилжааны банкуудад ямар сорилтууд, эрх зүйн орчны өөрчлөлтүүд хүлээгдэж байгаа, түүнчлэн 2019 онд хэрхэн хамтран ажиллах талаар илтгэл тавьсан юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчөөр 2018 оны 2 сард сонгогдсоноос хойш ямар ажлууд амжуулав гэдгээ нийт Чуулганы төлөөлөгчдөд тайлагналаа. Мөн Дэд ерөнхийлөгч, Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч, Дэд ерөнхийлөгч, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайнэ Бойнинг нарын тус тус өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын тайланг дүгнэв.



Үүний зэрэгцээ Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүдийн 2018 онд хийсэн ажлуудтай танилцаж, “Монгол Улсын банкны салбарын хүртээмжийн судалгаа - 2018 он” зэрэг судалгааг хэлэлцлээ. Холбооны дүрэм, Ерөнхийлөгчийн сонгуулийн журамд зааснаар ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байдаг бөгөөд бүрэн эрхийг дахин 1 жилийн хугацаагаар сунгаж болдог. Уг журмын дагуу Төрийн банкны Ерөнхий захирал Дашдондовын Баярсайхан нь 2017-2018 онд Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд энэ жил бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дахин нэг жилээр сунган ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Монголын Банкны Холбооны ХIII чуулганы үйл ажиллагаанд оролцсон гишүүн байгууллагуудын нийт удирдлага, чуулганы төлөөлөгчиддөө Холбооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.


Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш-Эрдэнийн одон”-г Хас банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Чулууны Ганболд хүртлээ

Монголын Банкны Холбоо нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан Монголын Банкны Холбооны дээд шагнал "Хаш Эрдэнийн Одон"-г гардуулж эхэлсэн билээ. Улсад нийт 42 жил, банкны салбарт 15 жил үр бүтээлтэй, манлайлал үзүүлэн ажиллаж буй Хас банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Чулууны Ганболдод Монголын Банкны Холбооны Дээд шагнал "Хаш Эрдэнийн Одон"-г ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Чулууны Ганболд нь 1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол улсад ядуурлыг бууруулах, орлого багатай иргэдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн “МикроСтарт” Төслийн Зөвлөх Хорооны анхны гишүүдийн нэгээр ажиллаж, улмаар Хөгжлийн Алтан Сан (ХАС), Монгол улсын анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) үүсэн байгуулагдахад биечлэн оролцож, Монгол улсад бичил санхүүгийн салбарын тулгын чулууг тавилцсан юм. Энэ нь урьд өмнө санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байсан ард иргэдэд бичил санхүүжилтийн үйлчилгээ авах боломжийг бий болгож, орлогоо нэмэгдүүлж ядуурлаас гарч шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулахад бодит хувь нэмэр оруулсан. 

Тэрээр Хас банкны ТУЗ-ийн даргаар 14 жил тасралтгүй ажиллахдаа нийгмийн хариуцлага бүхий ил тод зохистой компанийн засаглалыг Монгол улсад хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь Монгол улсын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийх итгэлийг бүрдүүлсэн юм. Түүний хүчин чармайлтаар Монгол Улсын томоохон банкуудын нэг Хас банк сүүлийн арван жилийн хугацаанд МХАҮҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад эхний арван аж ахуйн нэгжээр тодорч, The Banker, Global Finance олон улсын нэр хүндтэй санхүүгийн сэтгүүлүүдээс явуулдаг шалгаруулалтаар Монголын Шилдэг Банкаар жил дараалан тодорч, дэлхийн алдарт Forbes сэтгүүлээс гаргасан Дэлхийн ТОП-100 бичил санхүүгийн байгууллагын жагсаалтад бичигдсэн. Түүнчлэн Хас банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл нь 2008 онд Киргиз Улсын Мобулак бичил санхүүгийн байгууллага, 2011 онд БНХАУ-ын Шинжиан мужийн Урумчид хөрөнгө оруулалт хийснээр Монголын санхүүгийн салбараас гадаадад хийсэн анхны хөрөнгө оруулалтууд болсон.

Ч.Ганболдын ажлын үр дүн, оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон” зэрэг төрийн дээд шагналаар тус тус шагнасан юм.

Ч.Ганболд даргад Монголын Банкны Холбооны үе үеийн удирдлагууд, нийт гишүүн байгууллагуудын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.


Монголын Банкны Холбоо “Шилдэг Банкир” шагналын эздийг тодрууллаа

Банкны байгууллагыг хөгжүүлэхэд онцлон тэмдэглэх амжилт гарган, бодитой хувь нэмэр оруулсан, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд “Шилдэг Банкир" тэмдэг, өргөмжлөлийг гардуулсан юм.

Энэхүү шагналаар Голомт банкны Зээлийн газрын захирал Баяраагийн Баяртбилэг, Төрийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Лхагвасүрэнгийн Чинбат, Улаанбаатар Хотын банкны Дэд захирал Ганболдын Ганцэцэг, Хаан банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Шоовдорын Ганбямба, Хас банкны Ерөнхий эдийн засагч Сандагдоржийн Болд, Худалдаа Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Дагвадоржийн Дэлгэрмаа, Чингис Хаан Банкны Ерөнхий захирал Ямааранзын Түвдэндорж, Монгол Улсын Хөгжлийн банкны Эх үүсвэрийн хэлтсийн захирал Лхагвасүрэнгийн Тэмүүжин, Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Шаравын Алтанцэцэг, Монголын Банкны Холбооны Хууль эрх зүй, хамтын ажиллагааны менежер Чулуунбаатарын Намжилмаа нар тус тус шалгарч “Шилдэг БАНКИР” тэмдэг, гурван сая төгрөг, өргөмжлөлийн хамт гардан авлаа.



Монголын Банкны Холбооны “Шилдэг БАНКИР” цол өргөмжлөлийг хүртсэн банкирууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ТАЛАРХАЛ ЭЗЭДДЭЭ ОЧЛОО


Жил бүр нэг дор хуран цуглаж буй нийт гишүүн байгууллагуудаа хүндэтгэн Чуулганы үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Банкны Холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг төлөөлөлд талархал гардуулдаг уламжлалтай билээ.

Холбоо нь банкны салбарын мэргэжлийн дуу хоолой болдог байгууллагын хувьд олон хүмүүстэй хамтран ажилладаг. Тэдгээр хүмүүсээс онцлон энэ жилийн хувьд МБХолбооны нэрэмжит талархал, дурсгалын зүйлийг МБХ-ны Маркетингийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал, С.Идэр, МБХ-ны Комплаенсийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны дарга, Голомт банкны Комплаенсийн хэлтсийн захирал Н.Мөнхжаргал, Төрийн банкны Даатгалын албаны Мэдээлэл судалгааны мэргэжилтэн Т.Сансартуяа, Хас банкны ерөнхий эдийн засагч С.Болд, Монголын Банкны Холбооны дэргэдэх Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Сансар, Санхүүгийн Зохицуулах Хорооны Даатгалын газрын хамт олон болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ Банкны Сангийн монгол дахь төслийн нэгжийн хамт олонд тус тус гардуулсан юм.

Монголын Банкны Холбооны ээлжит XIII чуулганы үйл ажиллагаа ёслол төгөлдөр, амжилт бүтээлээр дүүрэн амжилттай болж өнгөрлөө.