Монголын банкны холбооны ээлжит xiv чуулган болж өнгөрлөө

Монголын Банкны Холбоо нь жил бүрийн 12 дугаар сард бүх гишүүдийг оролцуулан чуулганаа зохион байгуулж, тухайн жилийнхээ ололт амжилтаа дүгнэдэг уламжлалтай. Ээлжит XIV чуулганыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.+

Энэ удаагийн чуулганы үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, 2020 онд Төв банкнаас баримтлах бодлого, банкны салбарт хүлээгдэж буй сорилтуудын талаар илтгэл тавьсан нь онцлох явдал байлаа.

Үүний зэрэгцээ Чуулган бүрэн эрхийнхээ хүрээнд Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, баталлаа. Түүнчлэн Холбооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүдийн 2019 онд хийсэн ажлуудтай танилцаж, “Монгол Улсын банкны салбарын хүртээмжийн судалгаа – 2019 он” зэрэг судалгааг хэлэлцлээ.

Монголын Банкны Холбооны ХIV чуулганы үйл ажиллагаанд оролцсон гишүүн байгууллагуудын нийт удирдлага, чуулганы төлөөлөгчиддөө Холбооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш-Эрдэнийн одон”-г Голомт банкны Санхүү удирдлагын газрын захирал Мөнхөөгийн Чимэгмөнх хүртлээ

Монголын Банкны Холбоо нь салбарын мэргэжлийн холбоо болохын хувьд 2013 оноос эхлэн Монгол Улсын банк санхүүгийн салбарын даацтай хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг тодруулан Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулж эхэлсэн билээ. Банкны салбарт тасралтгүй 32 жил, Голомт банканд 1995 оноос үр бүтээлтэй, манлайлал үзүүлэн ажиллаж буй Голомт банкны Санхүү удирдлагын газрын захирал Мөнхөөгийн Чимэгмөнхөд Монголын Банкны Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр гардууллаа.

М.Чимэгмөнх нь банкны системд олон жил санхүү бүртгэлийн чиглэлээр ажиллаж, Монголын банкны системд нэвтэрч байгаагүй санхүүгийн шинэ арга хэрэгсэл, онолын арга замыг судалж, нэвтрүүлж ажилласан юм. Тухайлбал, банкны нэгжүүдийн өртөг зардал, эх үүсвэрийг салбар нэгж хоорондоо худалдах, худалдан авах системийн тогтолцоог асуулсан Дотоод үнэлгээний системийг амжилттай нэвтрүүлсэн нь нэгжүүдийн ашигт ажиллагааг бодитойгоор дүгнэх, ажилтан албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн үйлдвэрийн газруудад ашиглагдаж ирсэн зардлын бүртгэлийн аргыг банканд нэвтрүүлснээр банкны бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг бодитой тооцох, улмаар банкны актив, пассивын удирдлагыг сайжруулсан. Банкны нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт (IFRS)-ад нийцүүлэн, түүнийг банканд хэрэгжүүлэхэд бүх талаар удирдан ажиллаж, Банкны үйл ажиллагаанд нөлөөлөх хууль, журмын өөрчлөлт, түүний нөлөөллийг тооцоолохоос гадна Банкны гүйцэтгэлийн удирдлагын метрикс системийг боловсруулж, нэвтрүүлснээр банкны удирдлагын бүртгэл менежментийг сайжруулж, боловсронгүй болгосон юм.

М.Чимэгмөнхийн ажлын үр дүн, оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон” зэрэг төрийн дээд шагналаар болон Монголын Банкны Холбооны “Шилдэг банкир” өргөмжлөлөөр тус тус шагнаж байсан юм.

М.Чимэгмөнх захиралд Монголын Банкны Холбооны үе үеийн удирдлагууд, нийт гишүүн байгууллагуудын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Монголын Банкны Холбоо “Шилдэг Банкир” шагналын эздийг тодрууллаа

Банкны байгууллагыг хөгжүүлэхэд онцлон тэмдэглэх амжилт гарган, бодитой хувь нэмэр оруулсан, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд “Шилдэг Банкир” тэмдэг, өргөмжлөлийг гардуулсан юм.

Энэхүү шагналаар Голомт банкны бүртгэл тооцооны газрын захирал Ёндонгийн Пүрэвбат, Капитрон банкны Байгууллагын банкны газрын захирал Дуламжавын Зоригт, Төрийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Өлзийгийн Гантөр, Улаанбаатар хотын банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Гэлэгжамцын Батжаргал, Хас банкны Үйл ажиллагаа хариуцсан захирал Энэбишийн Уламбаяр, Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Товуудоржийн Даваажав, Чингис хаан банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Гантөмөрийн Дашзэгвэ, Хаан банкны Ерөнхий аудитор Доржсүрэнгийн Энхбаатар, Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Батболдын Батмөнх нар тус тус шалгарч “Шилдэг БАНКИР” тэмдэг, гурван сая төгрөг, өргөмжлөлийн хамт гардан авлаа.

Монголын Банкны Холбооны “Шилдэг БАНКИР” цол өргөмжлөлийг хүртсэн банкирууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ТАЛАРХАЛ ЭЗЭДДЭЭ ОЧЛОО

Жил бүр нэг дор хуран цуглаж буй нийт гишүүн байгууллагуудаа хүндэтгэн Чуулганы үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монголын Банкны Холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг төлөөлөлд талархал гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд МБХолбооны нэрэмжит талархал, дурсгалын зүйлийг МБХ-ны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Голомт банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал, З.Ганбагана, МБХ-ны Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн дэд дарга, Капитрон банкны Эрсдэл удирдлагын газрын захирал Э.Мөнхжаргал, МБХ-ны Хуульчдын мэргэжлийн зөвлөлийн дарга Улаанбаатар хотын банкны Хуулийн газрын захирал Т.Батжаргал нарт тус тус гардуулсан юм.

Ийнхүү Монголын Банкны Холбооны ээлжит XIV чуулганы үйл ажиллагаа ёслол төгөлдөр, амжилт бүтээлээр дүүрэн амжилттай болж өнгөрлөө.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy