Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монгол-Солонгосын Санхүүгийн Форум зохион байгуулагдлаа

9-Р Сар 27, 2019

Монголын Банкны Холбоо (МБХ), Солонгосын Банкны Холбоо (СБХ)-ны хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Солонгосын Санхүүгийн Форум арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны 9 дүгээр сарын 18-нээс 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. МБХ болон СБХ хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ байгууллагуудын туршлага судлах аялал, санал солилцох уулзалтуудаар эхэлж, хагас өдрийн форум хэлэлцүүлгээр өндөрлөсөн юм.

2016 оны 1-р сард тус улсын Сөүл хотноо Монголын Банкны Холбоо, банкуудын төлөөллөөс бүрдсэн баг хоёр талын анхны албан ёсны уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, үр дүнд нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, урт хугацааны харилцаа холбооны эхлэлийг тавьсан билээ. Үүнээс хойш 2017 онд Монгол-Солонгосын Санхүүгийн Форум арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 2 жил тутамд нэг удаа Монгол, Солонгос улсуудад ээлжлэн зохион байгуулж байхаар зөвшилцсөн байдаг.

Энэ жилийн Сөүл хотод зохион байгуулагдсан форум арга хэмжээнд Монголын банк, санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлага, эрсдэл, мэдээллийн технологи, төлбөр тооцооны чиглэлийн мэргэжилтнүүд, удирдлагуудаас бүрдсэн 24 төлөөлөл 3 өдрийн турш “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа” болон “Төлбөр тооцоо, финтекийн хөгжил” сэдвийн хүрээнд Солонгос улсын банк санхүүгийн байгууллагуудаар зочлон, туршлага судлахын зэрэгцээ харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэргээр практик ач холдогдол бүхий уулзалтуудад оролцсон юм.

“Монгол-Солонгосын санхүүгийн форум”-ын үйл ажиллагаа СБХ-ны хурлын танхимд болж, СБХ-ны УЗ-ийн дарга Ким Тэ Ёонг, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Солонгосын Санхүүгийн Хяналтын Хорооны Дэд Ерөнхийлөгч Юү Куанёл нар нээж үг хэллээ.

Форумын үйл ажиллагаанд энэ жил Монгол Улсын Хөгжлийн Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банк, Капитрон банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Монгол банк, Мирэ Ассет хөрөнгийн удирдлагын компани зэрэг байгууллагуудаас бүрдсэн 24 төлөөлөл оролцсон юм.

Форумын үеэр Монголын талаас төлөөлөн Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Макро эдийн засгийн тойм болон МУ-ын банкны салбарын өнөөгийн төлөв байдал” сэдвээр, Худалдаа Хөгжлийн Банкны Мэдээллийн технологийн газрын орлогч захирал Ц.Цэнгэл “Финтек хөгжилд үзүүлэх бодлогын орчны нөлөөлөл” сэдвээр, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “МУ-ын 2017 оны Харилцан үнэлгээний тайлан болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл солилцов.

Арга хэмжээний төгсгөлд  МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ форумын үйл ажиллагааг дүгнэн хаалтын үг хэлж, талууд оройн зоог хамт барьснаар энэ удаагийн хоёр талын форум арга хэмжээ өндөрлөлөө.