Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монгол Улсын санхүүгийн салбар стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болж байна

8-Р Сар 12, 2013

Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Япон Улсын ОРИКС Корпорацийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулснаар ТСНэгдлийг стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болох зөвшөөрлийг олголоо.

ОРИКС Корпорацийг ТСН-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэх асуудлыг Монголбанкнаас холбогдох журмынхаа дагуу шийдвэрлэх юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Орикс Корпораци нь ТСН-ийн нийт хувьцааны 16 хувийг эзэмших болно.

Япон Улсын ОРИКС Корпораци Монголын санхүүгийн зах зээлд орж ирж байгаа нь олон улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад шинэ боломжуудыг нээх болно. Олон улсын хөрөнгө оруулагчид болон Монголын бизнес, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хувьцаа эзэмшигчдийн тэнцвэртэй бүтэц нь Монголын санхүүгийн салбарын засаглал, байгууллагын чадавхийг бэхжүүлэх гол хөдөлгөгч хүч нь юм.

Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчтай стратегийн түншлэлд нэгдсэнээр ТСН нь одоогийн бизнесийн үйл ажиллагаагаа улам хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ шинэ хамтрагч байгууллагын туршлага, ноу хау, сүлжээнд тулгуурлан бизнесийн шинэ салбаруудад хүчээ сорих зорилготой.

Япон Улсын Токио хотод төвтэй Орикс Корпораци нь 1964 онд байгуулагдсан ба дэлхийн 27 улс орон, бүс нутагт даатгал, лизинг, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө болон аялал жуулчлал зэрэг салбаруудад санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхий даяар тархсан сүлжээ бүхий тэргүүлэгч компани юм.