Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

М.Болд: Арилжааны банкуудын нийт хөрөнгө ирэх арван жилд 10 дахин өснө

9-Р Сар 18, 2012

Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болдын “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага. 

- Монголын банкуудын зээлийн хэмжээ эрс нэмэгдэж, нөхцөлөө чангатгаж байгаа. Банкны үзүүлэлтүүд их хурдаар өсөж буй нь санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлөх бол? 

- Сайн, муу хоёр талтай. Монголын банкны салбар их доод түвшинээс хөгжиж эхэлсэн учраас огцом өсөх нь ойлгомжтой юм. Өнгөрсөн 10 жилийн өсөлтийг харьцуулъя. Тухайн үед нийт арилжааны банкны хөрөнгө 280-аад тэрбум төгрөг байсан бол 2010 онд таван их наяд төгрөгт хүрсэн. Ойролцоогоор 20 дахин өссөн үзүүлэлт. Харин 2011 онд найман их наяд төгрөг болсон. 2010-2011 онд нийт зээлийн хэмжээ 70 гаруй хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Зээлийн хэрэгцээ шаардлага их байна. Нөгөө талаасаа хэт өндөр өсөлтийг хурдтай давхиж буй машинтай зүйрлэж болох юм. Мэдээж хэт хурдалбал осолд орох аюул нэмэгдэнэ. Ийм үед анхаарал суларч, эрсдэлээ тооцохгүй байх нь ердийн үзэгдэл байдаг. Тиймээс банкуудын удирдлага өндөр өсөлтийн үед эрсдэлээ тооцож түүнийгээ урьдчилж харах арга ухаанаа сайжруулах шаардлагатай юм. 

- Арилжааны банкуудыг томруулах шаардлагатай гэж Монголбанк дүрмийн сангийн босгыг өндөрсгөсөн. Тоон үзүүлэлтээр нь банкуудыг томорч байна гэж дүгнэж болох уу? 

- Томорч байгаа. Ирэх 10 жилд арилжааны банкуудын нийт хөрөнгө 80 их наяд төгрөг болно гэсэн таамаг бий. Энэ бол 10 дахин өсөх үзүүлэлт. 

Гэхдээ үүнээс ч томрох шаардлага байгаа. Монголын эдийн засгийн өсөлтийг санхүүгийн хөрөнгөөр л дэмжинэ. Хэрэв дотоодын банкууд дэмжиж чадахгүй бол гадаадын банк санхүүгийн байгууллага энэ орон зайг эзэлнэ. Монголын төр засаг үндэсний банк санхүүгийн байгууллагуудыг бэхжүүлж, хүчирхэгжүүлэх бодлого баримтлах учиртай. 

- Санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн энэ хол зөрүүг цаашид тэнцвэржүүлж чадах болов уу? 

- Зээлийн эрэлт их байгаа нь банк санхүүгийн байгууллагуудад боломж гэсэн үг. Харин энэ зээлийн эрэлтийг нөхөх дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх шаардлагатай. Монголд нуугдмал эх үүсвэрүүд бий. Тухайлбал, гэр хорооллын хашааны газрыг бүртгэлжүүлээгүй. Түүнээс гадна иргэд, айл өрх, компаниудын өмч дэх хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж, хүмүүс хоорондын өглөг авлага нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Хэрэв газрын эзэмшигчийн гэрчилгээтэй болбол, бас хөдлөх хөрөнгийг бүртгэдэг тогтолцоо бүрдвэл түүнийгээ барьцаалаад зээл авах бололцоо бий болно. Ингэснээр зээлийн хэрэгцээг хангах орон зай үүснэ.

Банкны байгууллагын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлдэг зөөлөн дэд бүтэц бүрэлдсэн байх учиртай. Загасны тор шиг нэжгээд тооны хоорондоо нарийн уялдсан санхүүгийн туслах үйлчилгээний байгууллагууд байх ёстой. Тухайлбал, зээлдэгчдийн зээлийн буюу төлбөрийн хариуцлагыг илэрхийлсэн итгэлийн оноо хэмээх мэдээллийг боловсруулдаг Зээлийн мэдээллийн сан, банкин дахь иргэдийн хадгаламжийн аюулгүй байдлыг хамгаалах Хадгаламжийн даатгалын тогтолцоо, урт хугацааны зээл олгоход түлхэц өгөх Амьдралын даатгал зэрэг үйлчилгээний байгууллага өгүүлэгдсээр байна. 

- Одоогийн банк санхүүгийн энэ орчинд дархлаа байна уу. “Анод”, “Зоос” банк гээд муугийн жишээ бидэнд хангалтай бий шүү дээ? 

- Гурван жилийн өмнө Монголын эдийн засаг, түүн дотор банк санхүүгийн салбар гадаад зах зээлийн хамаарал бага байлаа. Тойруу замаар буюу зэс, алт, нүүрсний үнээр дамжин нөлөөлж байсан. Одоо манай компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжиж, банкууд нь гадаадын санхүүгийн байгууллагаас зээл авах гэх мэтээр дэлхийн санхүү эдийн засагтай улам ойртож байна. Гаднын аливаа нэг хямралд цохигдох магадлал нь өндөрсөж байгаа учраас болзошгүй эрсдэлийг даван туулах нөөц төлөвлөгөөтэй байх ёстой. Гадаад дотоодын зах зээлийн хөдөлгөөн, төлвийг сайтар судалж, энэхүү өөрчлөлтөд тохируулга хийх ур чадварыг эзэмших хэрэгтэй. 

-Хэрэв хямрал нүүрлэвэл бид яах вэ гэдэгт та тодорхой хариулт өгөх боломжтой юу?

 -Боломжтой. Манай банк санхүүгийн салбарт эрсдэлийг удирдах чадвар суусан. Үүнийг батлах тоо баримтуудыг дурдаж болно. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ дунджаар 15 хувь байгаа. Банкуудын бусдаас хадгаламж зээл хэлбэрээр авсан нийт хөрөнгийн дунджаар 15 хувь нь банкны хувь нийлүүлэгчдийн өөрийн хөрөнгө байна гэсэн үг. Гэтэл ААА зэрэглэлтэй дэлхийн том банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ найман хувь байсныг одоо л 14 хувьд хүргэж байгаа шүү дээ. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 30 хувь байна. Банк хадгаламжаар авсан 100 төгрөг тутмын 30 төгрөгийг зээлдүүлэхгүй бэлэн мөнгө хэлбэрээр хадгалж харилцагдын анхны шаардлагаар ийм хэмжээний бэлэн мөнгө гаргаж өгөх боломжтой гэсэн үг. Түүнээс гадна зээлийн чанар гэсэн үзүүлэлт бий. 2008-2009 он буюу хямралын үед нийт зээлийн 20-иод хувь нь 90-ээс дээш хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нийт зээлийн таван хувь нь ийм ангилалд багтаж байгаа. Зээлийн чанар нь эрс сайжирсан.

Мөн Монголын банк санхүүгийн байгууллагууд гадаад зах зээлд үнэт цаас гаргаж, гадаадын банк санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулж байна, хувьцаа эзэмшдэг болж байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг Монголын банкууд олж байна гэсэн үг. Банкуудын өнөөгийн төлөв байдал, төлбөрийн чадвар сайн байна гэж дүгнэх боломжтой. Харин олсон амжилтдаа эрдэлгүй, хурдтай хөгжлийг жолоодох ур чадвараа улам сайжруулах шаардлага бий. 

- Хэрэглэгч талаас нь харвал банкны нөхцөл нэлээд чанга байгаа. Нэгэнт эрэлт нь их нөхцөлд банкны хүү буурна гэж саналтгүй юм шиг. Гэвч банкууд эрэлтийг далимдуулан нөхцөлөө улам чангатгаад байгаа юм биш биз. 

- Хэрэглэгчид бага хүүтэй зээл авна гэх нь мэдээж. Банкуудад ч хүүгээ бууруулъя гэсэн сонирхол байгаа. Гэвч хадгаламжийг өндөр хүүгээр авч байна. Яагаад гэвэл, инфляц өндөр байна, бас Монголд их хэмжээний хадгаламжтай хүн цөөн. Зээлийн хүү буурах эсэх нь энэ хоёртой холбоотой. Инфляц багасаж, монголчуудын орлого өсөж байж зээл олгох нийт мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Тэр хэрээр зээлийн хүү буурна.

Инфляц өндөр үед иргэд үүнээс их хүүгээр мөнгөө хадгалуулахыг бодно. Тэгэхгүй бол банкинд хадгалуулсан мөнгө үнэгүйднэ.

Ер нь зээлийн хүү болоод зээлийн нөхцөл сулрах, чангарах гэдэг бол хүний амьдралын зүй тогтолтой ижил. Үйл ажиллагаа явуулж буй орчин, зах зээлийн нөхцөл өөрчлөгдөхөд банк үүнд нь тохируулга хийж явдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэлийг удирдаж буй хэрэгсэл юм. 

- Эдийн засгийг дарамтад оруулж буй инфляц гэж нэг хүчин зүйл байна. Үүнийг нэг оронтой тоонд барих боломж бий юү?

 - Байгаа. Зөвхөн бид нараас хамаарна. Бодлого боловсруулагч, хууль тогтоогчид болон банк санхүүгийн байгууллагуудын уялдаа холбооноос шалтгаална. Баталгаажаагүй, бараа үйлчилгээгээр бий болоогүй бэлэн мөнгийг тараахаар барааны үнэ өсөөд л байна. Хүн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байж мөнгө олох ёстой. Тийм нөхцөлд л инфляц буурна.

 - Төвбанк бодлогын хүүгээ өсгөсөөр л байгаа. Арилжааны банкуудад энэ нь хэр дарамт болж байгаа вэ? 

- Монголын эдийн засгийг хонины бор морьтой зүйрлэе. Гэтэл хонины бор морио нэг нь хайр найргүй ташуурдаад, нөгөө нь амыг нь ханзартал татаж байна. Ташуурдаад байгаа нь манай хууль тогтоогчид, амыг нь татаад байгаа нь Монголбанк. Хонины ганц морио зөв эдэлж чадахгүй байгаа хэрэг.

Хууль тогтоогчид бэлэн мөнгө тараан төсвийн зарлагыг хэт тэлж байна. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй атлаа мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэхээр үнэ ханш өснө. Ийм үед Төвбанк өөрт буй мөнгөний бодлогоо чангаруулах аргаа хэрэглэдэг. Харамсалтай нь эцсийн үр дүнд нь эдийн засаг хохирч байна.

 - 21 мянган төгрөгөө тарааж дуусах гэж байна. Одоо сая төгрөгөө өгнө. Бэлэн мөнгөнөөс хураамж, шимтгэл аваад байх нь банкуудад ашигтай юм биш үү?

 - Зөвхөн өнөөдрийг бодвол шимтгэл хураамжаар бага зэргийн ашиг олж болно л доо. Маргаашаа бодвол хохиролтой. Бэлэн мөнгө тараахын хэрээр инфляц нэмэгдэнэ. Үнэ ханшийн хөөрөгдөл үүснэ. Тэр хэмжээгээр банкуудад байршиж буй мөнгө үнэгүйдэн банкнаас гадагшилна. Инфляц нэмэгдэхээр иргэд банкинд мөнгөө хадгалах сонирхолгүй болж үл хөдлөх болоод хөдлөх хөрөнгө худалдан авна. Тэгэхээр байрны үнэ өсөхөөс эхлээд зээл авсан хүмүүс хүнд байдалд ордог. Бас үйлдвэр үйлчилгээ эрхэлж буй компаниудын зардал нэмэгдэнэ. 

- Банкууд зээл өгөхгүйгээр Засгийн газрын бондыг худалдаж авах гэсэн эрсдэл багатай алхмыг сонгож байгаа тухай сонссон. 

- Зөвхөн Засгийн газрын бонд аваад суух банк байх боломжгүй. Харин илүүдэлтэй хөрөнгөө түр зуур зохицуулж бага хэмжээний бонд авч болно. Монголбанкны болоод Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авна гэдэг улсын сан хөмрөг хохирно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хадгаламжийг улс зээлж татвар төлөгчдийн мөнгөөр банкуудад хүү төлж байгаа хэрэг шүү дээ. Банкны салбар нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдыг улам нэмэгдүүлэх зорилготой. Гэтэл тийм банк зорилгоо биелүүлж чадахгүй. Тэрнээс үйлдвэр үйлчилгээ бий болохгүй. 

- Арилжааны банкуудын хүрч чадахгүй орон зайд нь санхүүгийн үйлчилгээ үзүүлнэ гэж Хөгжлийн банкийг байгуулсан. Үйл ажиллагаа нь цэгцрээгүй тус банк энэ үүргээ хэр биелүүлж байна вэ? 

- Хөгжлийн банкны зорилго нь арилжааны банкнаас өөр. Энэ банкны хөрөнгийн зарцуулалтын үр ашигт тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Бүтээн байгуулалтын төлөө урагшаа гэж эргэж харахгүй явсаар байгаад нэг өдөр хойч үеэ их хэмжээний өрөнд оруулчихаж болзошгүй юм. 

- Монголчууд гаргасан алдаагаа давтсаар байна, хямралын эсрэг дархлаа алга гэж ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч асан Стивен Барнетт анхааруулж байсан. Тэгвэл алдаагаа давтахгүйн тулд яах ёстой вэ? 

- Зөвхөн монголчууд биш. Дэлхий даяар гаргасан алдаагаа давтаж байгаа. Хамгийн өндөр зэрэглэлтэй банк санхүүгийн байгууллагууд дампуурсан шүү дээ. Хэрэв алдаагаа давтахгүй байя гэвэл болзошгүй эрсдэлийг урьдчилан харах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.