Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

М.Болд: Хямралыг давахын тулд бүсээ чангалахаас өөр аргагүй

9-Р Сар 18, 2012

Дэлхийн улс орнуудын санхүүгийн хямрал болон өрийн сүлжээ манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал, эдийн засагч М.Болдтой ярилцлаа.

"Зууны мэдээ" сонины 2012 оны 8 дугаар сарын 14-ний дугаарт нийтэлсэн ярилцлага.
Б.Солонго

- Евро бүсээс гаралтай санхүүгийн хямрал Хятадыг хүртэл нэрвэж эхэллээ. Манай улсын орлогын бүрдүүлэлт буурч байгаа мэдээлэл байна. Цаашид яах бол? 

- Европ, Америк, Хя­тад улсад байдал хүндрэх тийшээ хандаж байна. Европ, Америкад бол бүр хямралын төвшинд байна. Хямрал нь ужиграад, тэсрэлтийг дөнгөн данган тогтоож байна. Дээрээс нь манай хамгийн том худал­дааны түнш болох Хятад улсын эдийн засаг болж түүхий эдийн үнэ унаж байна. Нүүрс, зэс, төм­рийн хүдэр гэх мэт манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд үүнд өр­төж байна. Ингэхээр Мон­гол Улсад орж ирэх орлого мэдэгдэхүйц буур­на. Буурч ч байна. Буура­хын хэрээр татварын ор­лого багасч байна. Бизне­сийн орлого, дээрээс нь төсвийн орлого буурахаар өмнөх жилүүдэд нэмэг­дүүл­сэн байсан төсвийн ажилчдын цалинг тавих эх үүсвэр дутагдаж эхэлнэ. Түүнийг дагаад хувийн компаниудын ажилчдын цалин буурах аюултай. Тиймээс эдийн засгийн гадаад нөхцөл байдал үлэмж буурч байгаад дүг­нэлт хийж манай бодлого боловсруулагч нар маш хурдан төр засгаа эмхлэн байгуулаад, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэх нь маш чухал байна. Дэлхийн хямрал биднийг хүлээхгүй. 

- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг юунаас эхлэх ёстой вэ? 

- Бүсээ чангална гэсэн үг. Хэмжээ, хязгааргүй бэлэн мөнгө тараах чадвар байхгүй болсон. Үр ашиг нь мэдэгдэхгүй байгаа хөрөнгө оруулалт, зардлыг танах хэрэгтэй. Нэн чухал хөрөнгө оруулалтад байгаа мөнгөө зарцуулах ёстой. Түүний тулд УИХ, Зас­гийн газар үйл ажил­лагаандаа яаралтай орох шаардлагатай.

 - Хятад улс хямралд өртөхгүйн тулд нэлээд хичээсэн. Гэсэн ч чадсангүй. Ер нь гадаад эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол?

 - Гадаадын хямрал бидний мэдэж байгаагаар 2008 онд Америкаас эхэл­сэн. Улмаар даамжраад Европ тивд халдвар­лачи­хаад байгаа юм. Цаашдаа дахиад 4-5 жил үргэлж­лэхийг үгүйсгэхгүй. Хята­дад ч гэсэн мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Хэр удаан үргэлжлэхийг таа­хад бэрх.

 - Уул уурхайд түшиг­лэсэн эдийн засагтай учраас хямралд хамгийн ихээр мэдэхээр байна шүү дээ? 

- Уул уурхайн эдийн засаг угаасаа тогтворгүй гэдгийг бүгд мэднэ. Олон зуун жилийн хүн төрөлхт­ний туршлага байна. Дэлхийн зах зээлийн үнэ эрс унаж, дээшилдэг. Тэ­гэ­хээр ийм хэлбэл­зэлтэй гэдгийг мэдсээр байж төр засаг түүнд бэлэн байх, эрсдлийг саармагжуулах, нөөц хөрөнгийг хуримт­луулах арга хэмжээ авдаг. Өмнөх Их хурлаас Тогт­воржуулалтын сан, Хүний хөгжлийн сангийн хуулийг баталсан нь эх­лэл. Хамгийн чухал нь хэрэгжүүлэх л хэрэгтэй. 

- Уул уурхайн бүтээгдэ­хүүний үнэ хэлбэлзэлтэй байгаа энэ үед тэдгээр санд өөр эх үүсвэрээс мөнгө хуримтлуулах боломж бий юу? 

- Асар их бололцоо бидэнд бий. Зөвхөн хөдөө аж ахуйг хэлж болно. XXI зууны шинэ шатанд хөгжлийг нь гаргаж чадвал асар их нөөц байна. Хөдөө аж ахуй бол уул уурхай шиг шавхагдаж алга болохгүй. Байнга эргэн төлжиж байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл тогтвортой салбар. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хүнсний хямрал нүүрлэж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ асар өндөр болж байна. Хүнс дутагдаж, өлсгөлөн болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашдаа хүнсний үнэ улам өснө. Мах, ногоо, бусад барааны үнэ өснө. Тэгвэл манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд асар их боломжтой. Энэ болол­цоогоо ашиг­лаад ногоо тариад, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ дэл­хийн төвшинд боловсруу­лах хүчин чадалтай бол­чихвол мал аж ахуй болон тариа­лангийн бүтээг­дэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаад тайван, эл­бэг дэлбэг амьдрах боломж бүрэн дүүрэн байна. 

- Гэхдээ өөрсдөө хүр­тэл махаа идэж чадахаар­гүй байдал үүсчихлээ шүү дээ? 

-Махны үнэ өссөн нь олон шалтгаантай боловч малчдад бэлэн мөнгө та­раасан, оюутнуудын сур­гал­тын төлбөрийг даасан гэсэн үндсэн ганцхан шалт­гаантай. Өөрөөр хэл­бэл, мал нядлах сонирхлыг эрс бууруулсан хэрэг. Тэгэхээр өмнө нь малчин оюутныхаа сургалтын төлбөрийг төлөх гэж малаа борлуулдаг байсан бол больчихлоо гэсэн үг. Мах болон хөдөө аж ахуйн бү­тээгдэхүүний нийлүүлэлт эрс багасахаар барааны хомсдол болж, махны үнэ өсөх жишээтэй. Өөр шалтгаан хэлвэл махны нөөц бүрдүүлж, интервенц хийж байгаа байдал хангалтгүй байна.

 -Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа өргөн хэрэглээний бараа­ны үнэ буурах найдвар харагдаж байна уу?

 -Уул уурхайн бүтээг­дэхүүний үнийн түр зуурын өсөлтөөс олсон мөнгийг бэлнээр тараасан шүү дээ. Тэгэхээр үнэ уначихсан энэ нөхцөлд угаасаа тараах мөнгө байхгүй. Тэгэхээр буурах байх. Тогтворжуулалтын сан, Хүний хөгжлийн сан гэдэгт дэлхийн зах зээлийн үнэ тааламжтай байхад нөөц хөрөнгөө ху­римтлуулаад, тааламжгүй үед нь түүнийгээ ашиглах ёстой гэдгийг манай бодлого боловсруулагчид мэдэж байгаа. 

-Нэгэнт эдгээр санг хоосолчихсон гээд байгаа шүү дээ. Одоо ашигт малтмалын үнэ уначихлаа. Нөөц хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх болж байна?

 -Түүхий эдийн үнэ өсөх дараагийн мөчлөгийг хүлээж таарна. Хэзээ үнэ нь өснө тэр үед нөөц хөрөнгө хуримтлуулах боломж гарч ирнэ. Түүхий эдийн үнэ хоёр жилийн дараа өсөх үү, эсвэл таван жилийн дараа юу гэдгийг хэн ч мэдэхгүй. 

-Манай улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч инфляцийн дарамттайгаар урагшилж байна гэнэ. Энэ талаар? 

-Инфляцийн дарамтыг цэвэршүүлээд бодит өсөлт 17 хувьтай гэж гарч байна. Дотоодын нийт бү­тээгдэхүүний өсөлтийг гадаад, дотоодын үйлд­вэрлэгчдийн бү­тээг­дэ­хүү­нийг нийлүүлж тооцдог. Харин үндэсний үйлдвэр­лэгчдийн бүтээг­дэхүүнийг хэмжих юм бол бага үзүүлэлт гарна л даа. 

-Үндэсний үйлд­вэрлэгч, бизнес эрхлэгчдэд таагүй орчин үүсчихлээ. Арилжааны банкуудын зээлийн гарц буурч байна гэнэ. Банкны салбарт ажилладаг хүний хувьд бодит байдлыг дүгнэхгүй юу? 

-Монгол Улс уул уур­хайгаас хамааралтай учир үнийн уналтаас болоод манайд ирэх орлого багас­чихлаа. Түүнийг дагаад банкууд дахь эх үүсвэр багассан гэсэн үг. Мөнгөн орлого их орж ирвэл зээ­лэх чадвар нь нэмэгдэнэ. Урсгал нь багассан учир зээл олгох чадвар нь муудсан. Өмнөх шигээ зээл олгох боломжгүй бай­гаа. Байгаа хөрөнгийнхөө хэмжээнд зээл өгч байна. Тиймээс дотоодын аж ахуй нэгжүүдэд зээл олдохгүй байна. Цаашид дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлогыг л явуулж байж манай улс өндөр хурдаар хөгжинө. Дотоодын хуримт­лал гэдэг бол туйлын хомсдсон. До­тоодын хөрөнгөөрөө Мон­гол Улс хөгжихөд туйлын удаан. 100 жил ч болж магадгүй. 

 -Гэтэл гадны хөрөнгө оруулалтыг хязгаарласан? 

- Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжинө гэж байхгүй л дээ. Яахав хөгжинө. Магадгүй жилд нэг хувиар өсч болох юм. Гадаадын хөрөнгө оруу­лалтыг оруулснаар жилд арав гаруй хувиар өсөх боломжтой. Хурдны ялгаа байгаа биз. Өнөөдөр бид сайхан амьдармаар байна. Тэгэхийн тулд хур­дан хөгжих хэрэгтэй биз дээ. Түүний тулд оновч­той бодлого, санаа, шийдлүүд байхаас гадна их хэмжээ­ний мөнгө хэрэгтэй. Тэгж байж хөгжинө. 

- Гадныхны сонирхол ерөнхийдөө уул уурхайд төвлөрөөд байна шүү дээ. Бусад салбарыг дэмжих сонирхол нь хэр байдаг бол?

 - Уул уурхайгаас олох ашиг нь хамгийн их байгаа учир сонирхох нь аргагүй. Тиймээс гадаадын хөрөн­гө оруулагчдын ашгийн төлөө сонирхлыг Монгол Улс төрийн бодлогоор зохицуулж, аль аль талдаа ашигтайгаар хуульчлах ёстой. Бусад салбар луу гадаадын хөрөнгө оруулалт нэг их орохгүй байгаагийн учир нь хүн ам цөөтэй учир ашиг багатай байгаа юм. Манай хажууд 150 сая хүнтэй ОХУ байна. Тийшээ хөрөнгө нь явж байна. 1.3 миллиард хүнтэй Хятадын зах зээл рүү урсаж байна. 

- Тэгэхээр уул уурхайг ашиглаад эдийн засгаа босгоод авах боломж байна уу? 

- Түр зуурын ашиг гэж ойлгож болно. Ашигт малт­мал газрын хөрсөн дор дуусах цаг ирнэ. Тэр үед ашиг байхгүй болно. Тэ­гэхээр түр зуур олдох энэ ашгаар монгол хүний­хээ толгойг цэнэглэх ёс­той. Толгойг нь цэнэглээд, өрсөлдөх чадварыг нь сайж­­­руулах хэрэгтэй. Тэгж чадвал бусад бизне­сийг хөгжүүлэх арга ухаа­наа монгол хүн өөрөө олчихно.