Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, түүний үр ашгийг нэмэгдүүлэх нь “ сэдэвт уулзалт боллоо.

11-Р Сар 26, 2012

 

 Улаанбаатар, 2012 оны 11 дүгээр сарын 22 – Монголын Банкны Холбооноос ЗГХЭГ, Монголбанк, БНСУ-ын NICE групптэй хамтран Монгол Улсын төлбөр тооцооны системийн эрх зүй, бодлогын орчныг тодорхой болгох, энэ хүрээнд тулгарч буй асуудлыг тодорхойлох, мэдээлэл солилцох зорилгоор Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд “Төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, түүний үр ашгийг нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад зохион байгуулагч байгууллагуудаас гадна арилжааны банкууд, мобайл операторууд болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтын үеэр хэд хэдэн илтгэл тавигдсан бөгөөд тухайлбал, Монголбанкнаас “Монгол Улсын төлбөр тооцооны системийг шинэчлэх төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол МШХХТГ-аас цахим засаглалын хөтөлбөрийн хүрээнд 2013 онд хийгдэх ажлын төлөвлөгөө болон “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” сэдэвт илтгэл тавилаа. Мөн уг уулзалтыг хамтран зохион байгуулагч NICE группээс өөрсдийн бүтээгдэхүүний танилцуулга болон Солонгос улсын АТМ, карт, төлбөр тооцооны системийн талаар мэдээлэл өгч, уулзалтад оролцогчидтой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Банк дундын ашиглалтын үндэсний хэмжээний электрон төлбөр тооцооны Мост мони үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа Мост мони ПСП ХХК-аас мөн “Мобайл хэтэвчийн хөдөлгөөн” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

Уулзалтын дундуур оролцогчдоос  илтгэгчид хандан асуулт тавьж, шаардлагатай хариугаа авч байсны зэрэгцээ хэд хэдэн санал дэвшүүлж байдлаа. Тухайлбал, Монголбанк, Засгийн газрын зүгээс төлбөр тооцооны системийг хөгжүүлэх үндсэн бодлого, цаашид авах арга хэмжээ, үе шатыг тодорхойлж мэдээллээр хангах, төлбөр тооцооны системд тавигдах журам, стандартуудыг тодорхойлж гаргах хэрэгтэй байгаа талаар онцолж байсан юм.  Мөн түүнчлэн Үндэсний цахим гүйлгээний төвийн хувьчлалийг хэзээ хэрхэн хийх, бэлэн бус төлбөр тооцоог нэмэгдүүлэх зэрэг нь төлбөр тооцооны системийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх, үүнийг ямар шат дараатайгаар хийхээр төлөвлөж байгаа талаар ихээхэн сонирхож байв. Үүний зэрэгцээ Монголбанкийг энэ чиглэлийн бодлого, стандартыг тогтоох асуудалд илүү анхаарал хандуулан ажиллах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, бизнесийн ашиг алдагдлын хувьд зах зээлийн зарчмаар явж шийдвэрлэгдэх боломжийг олгох нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм. 

Холбооны зүгээс энэ уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг цэгцлэн, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллах замаар төлбөр тооцооны системийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа шат дараатай шийдвэрлэх юм

                                                                           Монголын Банкны Холбоо