Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХААН Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран нэмүү өртгийн сүлжээ болон бичил жижиг дунд бизнесийг дэмжинэ...

9-Р Сар 04, 2013

25 сая ам долларын санхүүжилт ХААН Банкны харилцагчдад хүрэхээр боллоо

ХААН Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк /ЕСБХБ/-тай хамтран нэмүү өртгийн сүлжээ, бичил жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд ХААН Банкны ТУЗ-ийн гишүүн Ц.Баатарсайхан, Д.Хулан болон Гүйцэтгэх захирал Норихико Като, ЕСБХБ-ны ерөнхийлөгч Сума Чакрабарти, Турк, Зүүн Өмнөд Европ, Төв Ази хариуцсан захирал Оливье Декамп болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү 25 сая ам долларын гэрээг үзэглэснээр нэмүү өртөгийн сүлжээг дэмжих цоо шинэ санхүүгийн хэрэгслийг Монголд нэвтрүүлж байгаа төдийгүй бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах юм.

ХААН Банкны хувьд жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олон шинэ санаачлага хэрэгжүүлж ажилладаг. Тухайлбал байгуулагуудтай хамтран бүх төрлийн зээл, төслийн зээлийг олгодгоос гадна тусгайлсан бизнес төвүүдээр дамжуулан ЖДБ эрхлэгчдэд банкны цогц үйлчилгээг хүргэдэг болбизнес инкубатор төв ньЖДБ эрхлэгчдийг бүх төрлийн зөвлөгөө сургалтанд үнэ төлбөргүй хамруулдаг.

ЕСБХБ, ХААН Банкны бас нэгэн хамтын ажиллагааны дүнд Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүрэх санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдсэн төдийгүй бичил бизнес эрхлэгчид болон нэмүү өртгийн сүлжээ буюу бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан санхүүгийн нэгэн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ.

Гэрээг үзэглэх арга хэмжээний үеэр ЕСБХБ-ны Ерөнхийлөгч ноён Сума Чакрабарти хэлэхдээ: “Монгол дахь манай сайн түншүүдийн нэг ХААН Банктай хамтран нэмүү өртгийн сүлжээг санхүүжүүлэх шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаадаа баяртай байна. ЕСБХБ-ны Монгол улсад явуулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар бий болох өндөр өсөлтөөс эдийн засаг тогтвортой үр өгөөж хүртэхэд дэмжиж туслах юм. Энэхүү санхүүжилтийн шинэ хэрэгсэл нь хөдөө аж ахуй, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй БЖДБ-үүдээс гадна томоохон уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгчдэд хүрэх юм” хэмээлээ.

Харин ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хэлэхдээ: “Манай банк ЕСБХБ-тай хамтран томоохон компаниудын ханган нийлүүлэгчээр ажилладаг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрэх санхүүжилтийн хүртээмж, хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ханган нийлүүлэгч, түгээгчид болон томоохон компаниудын хооронд нэмүү өртгийн сүлжээг үүсгэж, харилцан холбоог дэмжих юм. Ингэснээр өртгийн сүлжээ бүхэлдээ бэхжинэ гэж үзэж байна. ЕСБХБ-наас олгож байгаа зээлийн тусламжтайгаар бичил жижиг дунд бизнес эрхлэгч манай харилцагчдад очих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдсэнд баяртай байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.

ЕСБХБ нь Монгол улсын эдийн засгийн олон салбарт 1 тэрбум гаруй ам. долларын хөрөнгө оруулалт хийж, Монгол оронд баримтлах стратеги бодлогоо саяхан шинэчлэн баталсан. Энэхүү стратегийн дагуу эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжилд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд бичил жижиг дунд бизнесийг дэмжих нь зорилтын нэг хэсэг юм.