Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХААН Банк хүүхэд залуусын санхүүгийн боловсролд хувь нэмэр орууллаа

3-Р Сар 13, 2014

Дэлхий нийтээр 3-р сарын 10-17-ны өдрийг “Global money week” буюу “Дэлхийн мөнгөний 7 хоног” болгон тэмдэглэдэг. ХААН Банк эдгээр өдрүүдэд хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон ажлуудыг зохион байгууллаа.

Монголын Банкны Холбооны /МБХ/ санаачлагаар ХААН Банк “Дэлхийн мөнгөний 7 хоног”-ийн хөтөлбөрт нэгдэж, хүүхэд залууст зориулсан 2 томоохон хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүллээ.  

ХААН Банкны орон даяар байрлах 520 салбар нэгжийн ажилтнууд Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 5-7-р ангийн сурагчдыг хөтөлбөрт хамрууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 5700  гаруй сурагчдад “Мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөө ухаалгаар зарцуулах арга ухаан, мөнгөн хуримтлал бий болгох болон банкны үйл ажиллагаа” зэрэг агуулгыг багтаасан санхүүгийн мэдлэг олгох цогц хичээлийг сонирхолтой арга хэлбэрээр зааж, хүүхдүүдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр орууллаа.

Мөн түүнчлэн Монголын Сурагчдын Холбоотой хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн сургуулиас завсардсан хүүхдүүдийг Сүхбаатар дүүргийн “Гэгээрэл” Албан Бус Боловсролын Төвд энэхүү хичээлийг мөн зохион байгуулж, хүүхдүүдэд санхүүгийн чухал хэрэгцээт мэдээлэл хүргэлээ. Ийнхүү эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн амьдралд чухал мэдлэг болохуйц  хичээлийг ХААН Банкны ажилтнууд сайн дураараа орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан нь хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сайн үйлсийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.   


Хүүхдүүдийг мөнгөний үнэ цэнэ, мөнгөний ухаалаг хэрэглээ, мөнгөө хэрхэн хадгалж, хуримтлуулах арга ухаанд сургах зорилготой энэхүү хичээлийг сурагчид, сургуулийн багш ажилтнууд болон эцэг эхчүүд талархалтайгаар хүлээн авсан нь уг хичээл зорилтот бүлэгтээ хүрч чадсаны илрэл боллоо.



ХААН Банкнаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд залуусын боловсролд хувь нэмэр оруулах зорилготой олон төсөл хөтөлбөрийг ХААН Банк Сангаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Тухайлбал, жил бүр ХААН Банкны ажилтнууд ажлын 1-2 өдрийг “Сайн үйлсийн өдөр” болгон нийгмийн сайн сайханд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхэд зориулдаг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд улс орон даяар ЕБС-ийн 55,000 гаруй сурагчид, 13,600 гаруй иргэд, худалдаа наймаа эрхлэгчдэд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх тухай мэдээллийг хүргэж байсан туршлагатай билээ.     

Хаан Банк