Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

"ХАМТДАА ХӨГЖЬЕ" ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

4-Р Сар 18, 2014


Капитал банкны дэмжлэгтэйгээр  “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ноос санаачлан хэрэгжиж байгаа "Хамтдаа хөгжье-2" төслийн нээлт 2014 оны 4-р сарын 4-ний өдөр боллоо.
“Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” нь уг төслөө “Improve Lifestyle “ уриан дор хэрэгжүүлэх бөгөөд төсөлд тэргэнцэртэй болон хөдөлгөөний хязгаарлалттай 10 эмэгтэй хамрагдана.

Судалгаанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж маш хязгаарлагдмал бөгөөд энэхүү төслөөр бусдын адил ажиллах, орлоготой байх, хэн нэгнээс хараат бус амьдрахад нь тусалж, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмшүүлэх үйлчилгээг хүргэнэ. 

Түүнчлэн төсөлд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар төр засаг, нийгмийн сонорт хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Төслийн хэрэгжилтийг эмэгтэйчүүд өөрсдөө хариуцан гүйцэтгэж, холбооны зүгээс зөвхөн арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө төлөө санаачлага гаргах, төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох чадварт суралцана.

Дэлхийн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай бодлого, үйл ажиллагааг өргөнөөр авч хэрэгжүүлдэг боловч энэ хандлага манай улсад сайтар төлөвшөөгүй байна. Тиймээс энэ чиглэлээр олон нийт, төрийн болон ТББ-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, санал санаачлага гарган хэрэгжүүлэхийг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Капитал банкны хамт олон уриалж байна. 

Капитал банк