Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин МБХ-ны удирдлагууд болон арилжааны банкны захирлуудыг хүлээн авч уулзлаа...

1-Р Сар 25, 2013

 

Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монголын Банкны Холбооноос тавьсан хүсэлтийг хүлээн авч, 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Холбооны удирдлагууд болон арилжааны банкны гүйцэтгэх удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтын үеэр Холбоо болон банкуудын удирдлагын зүгээс банк санхүүгийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг зорин ажиллаж байгаагаа илэрхийлээд, “Банк санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, барьцаа хөрөнгийн эрх зүйн орчинг сайжруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

              Мөн уулзалтын явцад шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад ажиллаж буй ажиллагсдын санхүү эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах, нотариат, өмгөөллийн үйл ажиллагаатай гарч буй зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм. 

 

              Хууль зүйн яамны сайд уулзалтад оролцогчдын санал, хүсэлтийг сонсны дараа яамны зүгээс хууль зүйн салбарт авч буй болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд яам нь өөрийн харьяалалд хамаарах хууль тогтоомжийг шинэчлэхтэй холбоотой асуудлаар бүх талаар нээлттэй хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.