Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХХБ: Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын 6-р зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө

6-Р Сар 10, 2013

Худалдаа, хөгжлийн банк жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөнийг 2013 оны 5 дугаар сарын 29-нд 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажилладаг шилдэг 300 орчим картаар үйлчлэгч байгууллагуудын төлөөлөгчид энэхүү зөвлөгөөнд оролцсон нь харилцагчдын идэвхи, оролцоо өндөр байгааг харууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнийг анх удаагаа олон улсын шинж чанартай зохион байгуулж Visa International болон UnionPay International байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулж бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт технологи, хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьлаа. Мөн Монголд анх удаа бэлэн бус төлбөр тооцооны давуу талыг сурталчилан таниулсан картаар үйлчлэгч байгууллагын нийт ажилтнуудад зориулсан сэтгүүл гаргасан нь харилцагч байгууллагуудын талархлыг хүлээлээ.

Зөвлөгөөний үеэр 2012 онд картын гүйлгээгээрээ бусдыгаа хошуучлан тэргүүлсэн шилдэг картаар үйлчлэгч байгууллагуудыг тодруулж өргөмжлөл гардууллаа. Үүнд:

  • UnionPay картыг хамгийн их төлбөрт хүлээн авсан шилдэг 5-н байгууллагууд:

Баянгол зочид буудал, Улаанбаатар зочид буудал, Гоёо, Ханбүргэдэй, Нью тел.

  • Visa картыг хамгийн их төлбөрт хүлээн авсан шилдэг 5-н байгууллагууд:

Хан палас зочид буудал, Чингис хаан зочид буудал, Korean Air, Oremduty free, Selena travel.

  • ХХБ-ны шилдэг 5-н картаар үйлчлэгч байгууллагууд:

Номин тав трейд, Орифлэйм Монгол, Говь, Блю скай зочид буудал, Анунгоо.

Мөн ХХБ-ны зүгээс олон жил тууштай хамтран ажилласан үнэнч харилцагч, картаар үйлчлэгч байгууллагууд болох “Өгөөмөр баянбулаг” ХХК-ий Жетро супермаркет, Монтулга ХХК, Mr.Wang рестораны хамт олонд дурсгалын зүйлс гардуулсан.

Худалдаа хөгжлийн банк картыг төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг 1991 онд Монголд анх удаа эхлүүлж, картын төлбөр тооцооны зах зээлд 22 жилийн туршлага хуримтлуулсан, хамгийн олон төрлийн картыг төлбөрт хүлээн авдаг, картын аливаа эрсдэлээс хамгаалах 24 цагийн тасралтгүй ажиллагаатай хяналтын цогц системтэй банк юм. Өнөөдрийн байдлаар ХХБ нь Улаанбаатар хотод 131, орон нутагт 30, нийт 161 бэлэн мөнгөний машин, 2000 гаруй ПОС терминал, 100 орчим интернэт үйлчилгээний байгууллагаар дамжуулан картыг төлбөрт хүлээн авах зах зээлийн 30 гаруй хувийн төлбөр тооцоог дангаараа гүйцэтгэж олон улсын стандартад нийцсэн, шилдэг үйлчилгээг иргэд, картаар үйлчлэгч байгууллагууддаа хүргэж байна.