Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор хоёр санал дэвшүүлжээ

6-Р Сар 05, 2014

Эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд сайн дурын зөвлөл байгуулан ажиллаж байгаа. Тус зөвлөлийн дарга Б.Бямбасайхан өнгөрсөн долоо хоногт Монголын Банкны Холбооны удирдлагатай уулзжээ.

Уулзалтаар талууд зээлээ хугацаанд нь эргүүлэн төлж чадахгүй, хүнд байдалд орсон ААН-үүдийн зээлийг эргэж харах, арилжааны банкуудын босгосон хөрөнгө оруулалтад ноогдуулдаг 20 хувийн татварыг тэглэх талаар хэлэлцсэн байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан валютын зээл авсан олон компани санхүүгийн алдагдалд орсон. Иймд зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрээд байгаа юм.  Энэ дагуу яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн, дээрх уулзалтыг зохион байгуулжээ.

Талууд хугацаа хэтэрсэн болон найдваргүй зээлийн ангилалд орсон зээлдэгчдэд уян хатан хандаж, зээлийн шинэ график гарган мөрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн гадаад эх үүсвэрээс зээл, хөрөнгө оруулалт татсан арилжааны банкуудад ноогдуулдаг 20 хувийн татварыг тэглэх тал дээр санал нэгдсэн байна.

Энэ татварыг тэглэснээр өндөр хүүтэй хадгаламжаа зээлийн бүтээгдэхүүн болгон эргүүлээд гаргадаг банкуудын эх үүсвэр өснө. Тэд гаднаас хөрөнгө оруулалт эсвэл зээл авлаа гэхэд 20 хувийн татвар төлөхгүй тул иргэд, ААН-д олгодог зээлийн хүү буурах давуу талтай.

Дээрх хоёр саналыг Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс Засгийн газарт өргөн барьсан байна. Харин хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гүйцэтгэх засаглал гаргах юм.