Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД “БАНКНЫ ТӨГӨЛ”-ИЙГ БАЙГУУЛЛАА.

5-Р Сар 16, 2014


Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын байгууллагууд нэгдэн хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцохыг уриалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Банкны төгөл”-ийн суурийг тавьлаа.  

Тус “Банкны төгөл” мод тарих нэгдсэн аяны үйл ажиллагаанд Монголын Банкны Холбоо,  Монголбанк, гишүүн банкууд, Монгол улсын Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци, Хадгаламжийн даатгалын корпораци, Банк санхүүгийн академи зэрэг байгууллагуудын гүйцэтгэх түвшний удирдлагууд оролцсон 100 гаруй төлөөлөл нэгдэж, хамтран ажиллалаа.

Монголын Банкны Холбооны ерөнхийлөгч М.Болд “Банкны төгөл” үйл ажиллагааны нээлтийн үгэндээ “Банкны салбарын байгууллагууд 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй нэг ажил болж чадаж байна. Цаашлаад дуу нэгтэйгээр Монгол Улсын Байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэсэн бол Монголбанкны Тамгын газрын дарга Д.Чимэд-Юндэн хэлсэн үгэндээ ”Банкны салбарын байгууллагууд нэгдэж мод тарин “Банкны төгөл” байгуулах нь Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөгдсөн томоохон ажлуудын нэг. Цаашид олон талаар Монголын Банкны Холбоо, түүний гишүүн байгууллагуудтай нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Мөн энэ жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдрийг “Банкны салбарын ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг боллоо.” гэв.

Оролцогч байгууллагууд энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгон өөрийн байгууллага болон нийслэлийн болон орон нутаг дахь салбар нэгжээр дамжуулан орон даяар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагууд дор бүрнээ зохион байгуулсан арга хэмжээ, тарьсан мод суулгацын талаар тухай бүр Монголын Банкны Холбоонд бүртгүүлж байх бөгөөд Холбооноос жилийн эцэст банкны салбарын байгууллагуудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр хийсэн ажлуудын нэгдсэн тоон мэдээллийг гаргах юм.

Монголын Банкны Холбоо