Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​“Ариг” буйдан

3-Р Сар 23, 2015

Та бүхэнд Ариг Банк нь 1.8м урттай, 0.9 м өргөнтэй, 0.83м өндөртэй 2 хүний зориулалтын буйданг танилцуулж байгаад таатай байна. Буйдангийн гол онцлог нь хуванцар савыг ашиглан хийсэнд оршино. Нэг буйдан хийхэд 350 ширхэг хуванцар сав орсон ба Ариг Банкны нийт ажилчид 1,400 ширхэг хуванцар савыг цуглуулан 4 буйданг одоогийн байдлаар хийгээд байна.

Буйданг хуванцар савыг ашиглан хийснээр бид хуванцарын хог хаягдлыг багасгах зорилготой юм. Хүн ямар нэг хэмжээгээр хуванцар эд зүйлсийг ашигладаг. Хуванцар нь фталат, бисфенол зэрэг хүний эрүүл мэндэд хортой, байгальд удаан шингэдэг элементийг агуулдаг байна. Иймд хуванцарыг их хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш юм. Аризона их сургуулийн оюутан Эмили Норт, Ролф Халдэн нар судалгаа хийж, дэлхий дээр жилд дунджаар 300 сая тонн хуванцар үйлдвэрлэн хэрэглэдгийг тогтоожээ. Нэгэнт хуванцарын хэрэглээг одоогоор зогсоох боломжгүй учир хаягдал хуванцарыг ашиглан, дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн зөв шийдэл болж байна.

Ариг Банк хоёрдогч түүхий эд ашиглан буйдан хийснээр нийслэл хотын гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлж, хог болон хөглөрөх байсан 1,400 ширхэг хуванцараас хотыг ангижрууллаа. Энэхүү буйдангийн бас нэгэн онцлогийг дурьдахад Ариг Банкны Өрх засах багийнхан гадны байгууллагаас туслалцаа авалгүйгээр өөрсдөө гар аргаар хийсэнд байгаа юм.

Мөн бид ижил загварын шинэ буйдангийн зах зээлийн үнэ болох 5,000,000₮*4=20,000,000 төгрөгийг хэмнэлээ. Ариг Банк нь хоёрдогч түүхий эдийг ашиглан хийсэн бүтээгдэхүүнүүдийг өөрийн байран дээр хэрэглэснээр байгаль орчноо хамгаалах хариуцлагаа ухамсарлаж, бусдад үлгэрлэж буйн нэг илрэл юм.

Ийнхүү Ариг Банк нь та бүхнийг бидэнтэй нэгдэж байгаль орчноо хамгаалж, хоггүй, цэвэр орчныг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж хоёрдогч түүхий эдийг ашиглахыг уриалж байна.

Дараа дараагийн мэдээгээр бид хоёрдогч түүхий эдийг ашиглан хийж буй бүтээгдэхүүнүүдээ та бүхэнд үргэлжлүүлэн танилцуулах болно.

Ариг Банк