Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ASSA.MN | М.БОЛД: ХҮҮНИЙ КОРИДОР НЭВТРҮҮЛЭХЭД ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ Ч, ХАНГАЛТТАЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ

3-Р Сар 26, 2013

Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдоос зээлийн хүү болон Монголбанкны нэвтрүүлж буй хүүний коридорын талаар тодрууллаа.


- Банкны зээлийн хүү өндөр байгаа нь үйлдвэрлэгчдэд хүнд тусдаг. Зээлийн хүү буурах бололцоо хэр байна вэ?
- Сүүлийн 20 жил зээлийн хүү өндөр байна гэж ярилаа. Энэ бол улиг болсон асуудал. Зээлийн хүү өндөр байгаагийн гол шалтгаан нь инфляц. Барааны үнэ 10, 20 хувиар өслөө л гэдэг. Үүнтэй адил мөнгөний үнэ цэнэ бас алдагдаад байгаа юм. Инфляц 15 хувьд хүрсэн. Тэгэхээр мөнгөний үнэ энэ хэмжээгээр муудлаа л гэсэн үг. Тэгэхээр сард 15 хувийн хүүтэй зээл авч байна гэдэг үндсэндээ хүүгүй зээл авч байгаатай адилхан.
Нэг талаас хүү нь өндөр юм шиг мөртлөө мөнгөний үнэ цэнэ 15 хувиар буурчихаад байгаа шүү дээ. Нөгөө талаар, манайд мөнгөний хомсдол бий. Аливаа бараа хомсдохоор үнэ нь өсдөг. Үүнтэй адил Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ маш бага тул зээлийн хүү өндөр гарах нэг шалтгаан нь болдог.
Өөрөөр хэлбэл, хүн бүр, компани болгонд хүссэн хэмжээгээр нь зээл олгох хөрөнгө Монгол Улсад алга. Тэгэхээр Монгол ядуу улс. Энэ зээлийн хөрөнгө хаанаас бий болох вэ гэхээр иргэд, компаниудын хадгаламжаас л бий болно шүү дээ. Өнөөдөр манай улсад байгаа хадгаламжийн хэмжээ ийм л өчүүхэн байна.  Иймд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгтэй адил мөнгөө байгаа үнээр нь л зээлүүлж байна гэсэн үг. 

- Үүнээс гарах арга зам бий юү?
- Мөнгө санхүүгийн тогтвортой бодлого явуулах ёстой. Инфляцыг бууруулах шаардлагатай. Бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй, үйлчилгээ үзүүлээгүй нөхцөлд хүүхэд, хөгшид гэлтгүй бэлэн мөнгө тараадгаа зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бараажаагүй хоосон мөнгө өгөөд байна гэсэн үг л дээ. Энэ мөнгө нь барааныхаа үнийг өсгөөд байгаа юм.  Үүнээс гадна дэд бүтцээ хөгжүүлэхэд илүү анхаарах ёстой. Цахилгаан станц барих, зам харилцаа тавих нь маш чухал. Одоо л хөгжүүлэх гээд оролдож л байх шиг байна. Мөн хилийн боомтуудын худалдаа арилжаа хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэж байж бараа, үйлчилгээ Монголын нутаг дэвсгэрт саадгүй эргэлтэд орж, үнэ нь тогтвортой  болно. Жишээ нь, Улаанбаатараас аймгууд руу эргээд нийслэл рүү бараа, үйлчилгээ түргэн шуурхай тээвэрлэгдэж байж инфляц буурна. Инфляц буурахын хэрээр хадгаламжийн хүү доошилно. Энэ хэмжээгээр зээлийн хүү багасах юм. Тэгэхээр бүх зүйл хоорондоо уялдаатай. Бие биеэсээ хамаарах эргэх оньсон хөдөлгүүртэй адилхан.

- Монголбанк хүүний коридор нэвтрүүлэх боллоо. Ингэснээр зээлийн хүүнд яаж нөлөөлөх вэ?
- Зээлийн хүү буурахад нааштай нөлөө үзүүлнэ. Гэхдээ хангалттай төвшинд нөлөөлж чадахгүй. Нааштай алхам бол мөн. Үүнээс илүү дорвитой алхам хэрэгтэй. Төв банкны бодлогын хүү өнөөдөр 13 хувьтай байна. Үүнийг дагаад сэтгэл зүйн нөлөөлөл гараад байгаа шүү дээ. Жишээлбэл, бодлогын хүүг дагаад хадгаламжийн болон зээлийн хүү өндөр тогтсон юм. Тэгэхээр энэ 13 хувийн хүүг эхний ээлжинд нэг оронтой тоонд яаралтай оруулах шаардлагатай. Ингэж байж сэтгэл зүйн тэр садааг арилгана. Төв банкны бодлогын өндөр хүүг дагаад хадгаламж, зээлийн хүү өндөр байх сэдэл бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, мөнгөндөө  нөлөөлөх  нь бага мөртлөө сэтгэл зүй талаасаа хүчтэй байгаа. Тийм учраас дахин хэлэхэд, бодлогын хүүгээ бууруулах шаардлагатай юм. Монгол Улсад мөнгөний хомсдол бий. Гэтэл хатуу бодлогоор байгаа мөнгөнийхөө 25 хувийг төв банкинд барьж байх шаардлагагүй. Иргэд, компаниуд зээл олдохгүй байна  гэдэг биз дээ. Тэгэхээр байгаа жаахан мөнгөнийхөө нэг хэсгийг  бус 10 гаруй хувийг нь хөдөлгөөнгүй барихад л хангалттай. Гэтэл бид  гадаадаас мөнгө зээлдэг. Жишээлбэл, хувийн компаниуд гадаад зах зээлд бонд, хувьцаа гаргаад мөнгө татдаг. Төр засаг ч бас Чингис бонд гаргаад хоёр их наяд төгрөг оруулаад л ирлээ. Энэ нь, нөгөө л  Монголд мөнгө дутагдаж байгаагийн илрэл. Иймээс байгаа мөнгөө зохистой ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: www.assa.mn