Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Банк 90” гала тоглолт амжилттай болж өнгөрлөө.

5-Р Сар 28, 2014

Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Банкны Холбооноос банкны салбарын нийт мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан “Банк 90” гала тоглолт өнгөрөгч баасан гаригт буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд амжилттай болж өнгөрлөө.

Улаан хивс, зохион байгуулагч байгууллагуудын лого бүхий баннер, амтат коктейл, банкуудын төлөөллийн мэндчилгээ, Мээдээ хөтлөгчтэй угталтын үйл ажиллагаа, монголын рок, поп оддын “хит” дууны тоглолт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээний томоохон ажлын нэг байсан бөгөөд тоглолтыг банкны салбарын удирдлагууд болон мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 3000 гаруй хүн хүрэлцэн ирж, үзэн сонирхлоо.


Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад банкны тогтолцоо үүсч, бэхэжсэний 90 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын хөгжилд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулсан Голомт банкны Дэд захирал М.Чимэгмөнх, Капитал банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Янжин, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Улаанбаатар хотын банкны Дэд захирал Ч.Солонго, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирал П.Даваа, Хас банкны Бизнесийн үйлчилгээний 2 дугаар төвийн захирал А.Баяраа, Хаан банкны Бизнес харилцаа хариуцсан захирал Ү.Наранцэцэг, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар, Чингис хаан банкны Санхүү хариуцсан дэд захирал Ц.Мөнхбат нарт  Монголын Банкны Холбооны “Шилдэг банкир” тэмдэг, өргөмжлөлийг тус тус ёслол төгөлдөр гардуулсан юм. 

Тоглолтын үеэр үзэгчдийг хөгжөөсөн нэг арга хэмжээ байсан нь 5 азтаныг шалгаруулах явдал байсан бөгөөд азтанаар Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газрын менежер Х.Ариунтуяа, Төрийн банкны Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал Л.Мөнхбаяр, Төрийн банкны Даатгалын хэлтсийн бүтээгдэхүүн хөгжил хариуцсан мэргэжилтэн Э.Төрболд, Хаан банкны Face tower салбарын ахлах эдийн засагч П.Нямсүрэн, Хас банкны Баянгол салбарын харьяа 10 дугаар хороолол тооцооны төвийн теллер Ц.Отгонтуяа нар тодорч IPad mini, Банкны 90 жилийн ойн дурсгалын мөнгөн зоосны эзэд боллоо.

Ойн хүрээнд зохион байгуулагдах дараагийн томоохон ажил нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болох “БАНК 90” үзэсгэлэнгийн арга хэмжээ юм.

Нийт банкны салбарын мэргэжилтнүүддээ цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье!