Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО БОЛОН АРИЛЖААНЫ БАНКНЫ УДИРДЛАГУУД ЯПОНЫ СУМИТОМО МИЦУИ САНХҮҮГИЙН ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

4-Р Сар 30, 2014

Өчигдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө Туушин зочид буудалд Монголын Банкны Холбооны удирдлагууд болон гишүүн банкуудын гүйцэтгэх захирал, төлөөллүүд Япон улсын Сумитомо Мицуи Санхүүгийн Группын ерөнхийлөгч Коичи Мияата болон Cумитомо Мицуи Банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар Монгол, Япон улсын банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон юм. Cумитомо Мицуи Банк (SMBC) нь 2001 онд Япон улсын томоохон хоёр банкийг нэгтгэн байгуулагдсан, 38 гаруй улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг нээн, үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний 20 том банкны нэг бөгөөд ноён Коичи Мияата нь Сумитомо Мицуи Санхүүгийн Группын ерөнхийлөгчөөр 3 дахь жилдээ сонгогдон ажиллаж байгаа юм байна.

Хоёр улсын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар ноён Коичи Мияата  хэлэхдээ: “Би анх удаа Монгол улсад ирж байна. Японы Cумитомо Мицуи Банк бол Монгол Улсад банкны төлөөлөгчийн газраа нээсэн анхны Япон улсын банк. Цаашид бид арилжааны банкаар хязгаарлагдахгүй, Мицүи Сумитомо Санхүүгийн Группын бусад охин компанийн санхүүгийн үйлчилгээг Монголд бий болгох боломжуудыг судлах төлөвлөгөөтэй байгаа. Ийм нөхцөл бүрдвэл, Монголын банкны салбарт байгаа та бүхэн бидэнтэй хамтран ажиллаасай хэмээн хүсэж байна. Мөн аливаа улс хөгжих явцад тулгарч болох байгаль орчны асуудалд манай банкны зүгээс өөрсдийн мэдлэг, туршлагыг харамгүй хуваалцах боломжтой.” гэсэн юм.

Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ уулзалтын эцэст талархал илэрхийлэн, хоёр улсын банкны санхүүгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгааг онцлон тэмдэглэлээ.