Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Коронавирусын эсрэг банкууд ажиллаж байна уу?

3-Р Сар 30, 2020

Надад тулах цэг өг, тэгвэл би дэлхийг эргүүлье.

Физикт хөшүүрэг гэх ойлголт бий. Нэгэнтээ Архимедийн хэлсэн алдарт үг “Надад тулах цэг өг, тэгвэл би дэлхийг эргүүлье”  хөшүүргийн гол хуулийг илэрхийлчихсэн. Хэрвээ тулах цэг л байх юм бол тэр маш урт хөшүүрэг ашиглан дэлхийг эргүүлэх нь л дээ.  Уг хөшүүрэг ч мөн санхүүгийн зах зээлд үйлчилдэг. Монгол улсын банкуудын хувьд 12 орчим хувийн өөрийн хөрөнгийг ашиглаж, 88 хувийн бусдын хөрөнгийг өөртөө татан, зээл гаргаснаар ашиг олдог гэсэн үг. 

Тиймээс иргэд, ААН-үүдээс банкны салбар нь шууд хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл унахад нь дагаж унаад, өсөхөд нь дагаж өсдөг л гэсэн үг. 

Коронавирусын эсрэг банкууд хэрхэн ажиллаж байна вэ?

Банк санхүүгийн үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа эрсдэлтэй бүсэд тооцогддог. Тиймээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

  • Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох
  • Шаарлагатай тохиолдолд гэрээсээ ажиллах нөхцөлөөр хангах
  • Салбаруудын ажиллах цагийн хуваарийг богиносгох
  • Зарим салбар нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох
  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх
  • Ажиллах цагтаа салбарын ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх
  • Ажилтнуудаа маск болон гар ариутгагчаар хангах
  • Шаардлагатай уулзалтуудыг онлайнаар хийх
  • Банкны ажилтнуудын тодорхой хэсгийг зайнаас ажиллах боломжоор хангах

Монголбанкнаас гаргасан шийдвэр хэрэгжиж байна уу?

3-р сарын 19-ний өдөр Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу банкууд ажиллаж эхлээд байна. Шийдвэртэй холбоотой тодорхой дүрэм, журмын асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэснээр иргэд, бизнесийн байгууллагуудаа дэмжин ажиллаж байна. Үүнд: 

  • Харилцагчдын хүсэлтийг онлайнаар болон биетээр хүлээн авах
  • Зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн график хугацаанд өөрчлөлт оруулах
  • Нэмэгдүүлсэн хүү буюу торгуулийн хүү тооцохгүй байх
  • Зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулахдаа үйлчилгээний шимтгэл авахгүй байх
  • Зээлдэгчийн бизнесийн нөхцөл байдал болон энэ цаг үед тохирохуйц хэлбэрээр банктай байгуулсан бүх төрлийн зээлийн гэрээ хэлцэлд боломжит байдлаар, мөрдөгдөж буй хууль тогтоомж, зохицуулалтын хүрээнд өөрчлөлт оруулах

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвэнгээр тусалсан нь дээр 

 “COVID-19” вирусын тархалттай тэмцэх үйл ажиллагааг гардан ажиллаж буй Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Эрүүл Мэндийн Яам зэрэг байгууллагуудад банкны салбарын төлөөллүүд нийт 450 гаруй сая төгрөгийн хандив, тусламжийг өнөөдрийн байдлаар олгоод байна.

Иргэд, ААН-үүддээ уриалах нь 

Дэлхий нийтээр “COVID-19” вирусын тархалт хурдацтайгаар нэмэгдэж буй энэ үед олон улсын төв банкууд, арилжааны банкууд харилцагчиддаа учирсан хүндрэл бэрхшээлд тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Манай санхүүгийн салбар ч бас юугаараа дутхав. Эрвийх, дэрвийхээрээ тусалцгааж л эхэлсэн. Энэ тахал хэдийн эдийн засгийн тахал болж, бидний хүрээнээс халин одсон. Гэвч энэ хүнд нөхцөл байдлын эсрэг харилцагч, бизнес эрхлэгч та бид хамтдаа нэгдэснээр энэ хүндрэлийг даван туулж чадна. Иргэд, ААН-үүдийн маань хувь нэмэр: 

  • Цалин, борлуулалтын орлого тасалдаагүй бол зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх нь эргээд та болон танай байгууллагыг зээлийн өндөр төлөлтөд орох эрсдэлээс сэргийлнэ. 
  • Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр нь зөвхөн цалин орлого нь вирусын нөхцөл байдлаас болж тасалдсан, хүндрэлд орсон зээлдэгч нарт л хамаарна гэдгийг ойлгож хариуцлагатай байх. 

Төр засгаасаа дэмжлэг хүсэх нь

Аливаа улс орны банкны салбар нь мөнгөний эргэлтийг гардан гүйцэтгэж буй гэдэг утгаараа улсын эдийн засгийн тулгуур багана болж байдаг. Тийм ч учраас санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбар нийт эдийн засгийн тусгал толь бөгөөд эдийн засгийн өсөлт, нөхцөл байдал ямар байна яг тэр дүрээрээ банкны салбарт тусч харагддаг. Тэгвэл одоо үүсээд буй эдийн засгийн энэхүү тодорхойгүй нөхцөл байдалд банкууд санхүүгийн зуучлалын үүргээ хэрэгжүүлж, тогтвортой байдлаа хадгалан үлдэхэд төрийн бодлого, дэмжлэг туйлын ач холбогдолтой юм:

  • Төр засаг энэ чухал үед зохих “бодлогын” шийдвэрүүдийг цаг тухайд яаралтай гаргавал банкны салбар өөрсдийн хадгаламж эзэмшигчид, банкны салбарын ажилтнууд, тэдний ар гэр, харилцагч зээлдэгч нарыг уналтаас давхар хамгаалахад бүхий л талаараа хичээн ажиллаж байгаа болохыг ойлгож, энэ эмзэг салбараа урт хугацаанд тогтвортой байлгах нөхцөлөөр хангах нь нэн тэргүүний дэмжлэг болохоор байна.
  • Хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөх нь өнөөгийн нөхцөл байдлын урт хугацааны “эффект”-ийг эдийн засгийн голлох оролцогчид хүндрэл багатай даван туулахад чухал хувь нэмэр болох юм шүү.

Эцэст нь нэмээд хэлэхэд ард иргэд банкуудаас зээлийн хүүгээ бууруулахыг байнга шаарддаг. Гэвч зээлийн хүүг банкууд дур зоргоороо тогтоочихдог эд ерөөсөө биш бөгөөд зах зээлийн зарчмаараа тогтдог зүйл юм. Харин зээлийн хүү бага байна гэдэг нь тухайн улсын эдийн засаг нь эрүүл, эрх зүйн орчин нь тааламжтай, төр засаг болоод иргэд нь санхүүгийн сахилга баттай байсны үр дүн байдаг. Иймд шийдвэр гаргагчдын алсын хараа нь мэргэн байж, эдийн засгийг тогтвортой авч явахыг хичээнгүйлэн хүсье. 

Монголын Банкны Холбоо

2020.03.30