Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХААН Банк “Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер”-ээр шалгарлаа

1-Р Сар 07, 2014

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй  шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтерпренер” арга хэмжээг 17 дахь удаагаа зохион байгуулж, 2013 оны шилдгүүдийг 12-р сарын 28-ны өдөр тодруулан шагналыг гардууллаа. 

“Энтерпренер-2013”-ын хүрээнд ХААН Банкыг “Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер”-ээр шалгарууллаа. Энэхүү шалгаруулалтыг Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл болон Санхүүгийн Зохицуулах Хороо, МҮХАҮТ хамтран тусгай аргачлал, үнэлгээний дагуу  хийсэн бөгөөд компанийн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрсөн зарчмуудыг үйл ажиллагаандаа тогтвортой мөрдөж ирсэн ХААН Банкны амжилтыг ийнхүү үнэллээ.
Компанийн засаглал зөв бүрэлдэх нь  улс орны эдийн засаг нээлттэй, тогтвортой хөгжих улмаар  бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж амжилттай үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ХААН Банк банкны хэтийн стратегийг тодорхойлох, банкны удирдлагыг зохистой хяналтаар хангах болон банкны хувь нийлүүлэгч, ажиллагсад, харилцагчид болон бусад оролцогч талуудын өмнө хүлээх Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хариуцлагыг өндөрсгөх зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн. ХААН Банкыг олон улсын арилжааны банкуудын жишгээр компанийн засаглалын бодлогыг шийдвэр гаргалтын бүх түвшинд хэрэгжүүлж, санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчид болон банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлдэг зэргийг үндэслэн энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодруулсан байна. 
Гадаадын агентлагуудын хийсэн үнэлгээний тайланд ХААН Банкны амжилтын үндэс нь олон улс болон Монгол улсын банк санхүүгийн салбарт ажилласан арвин туршлагатай ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон компанийн эрүүл, сайн засаглалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэнд оршино хэмээн дурьдсан байдаг. 
ХААН Банк компанийн засаглалыг дан ганц өөрийн компанидаа хэрэгжүүлээд зогсохгүй Монгол улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж, үлгэрлэх олон ажлыг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2013 онд компанийн засаглалын чиглэлээр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, ОУСК-тай  хамтран “Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь” дугуй ширээний ярилцлагыг компанийн засаглалын асуудлаар мэргэшсэн олон улсын байгууллагын төлөөлөгчид, болон мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан юм.  
Ийнхүү ХААН Банк “ Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер” хэмээх  нэр хүндтэй шагналын эзэн болсон нь дан ганц санхүүгийн чадавхаараа банк санхүүгийн салбартаа тэргүүлээд зогсохгүй банкны бат бэх оршин тогтнох үндэс болсон хараат бус, үлгэр жишээ сайн  засаглалыг хэрэгжүүлэгч, шилдэг банк болохоо дахин харууллаа.