Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ

9-Р Сар 16, 2015

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их хурал Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль (цаашид "ХЭХЭБХБ-ны тухай хууль" гэх) болон ХЭХЭБХБ-ны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталсан билээ. ХЭХЭБХБ-ны тухай хуулийн зорилт нь дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, Монголын бизнес эрхлэгчдийн санхүүжилт, хөрөнгө оруулалт авах эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд орших юм. ХЭХЭБХБ-ны тухай хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХЭХЭБХБ-ны тухай хууль нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой гэрээ эсхүл хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд үйлчилнэ. Бүртгэл болон барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалалтай холбогдох заалтууд нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, авлага худалдан авагчийн эрх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагчаас гэрээний зүйлээ буцаан шаардах болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийг буцаан худалдан авах худалдагчийн эрхэд мөн адил үйлчилнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг ХЭХЭБХБ-ны тухай хуулиар зохицуулахгүй.

ХЭХЭБХБ-ны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ХЭХЭБХБ-ны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор барьцааны бүртгэлд (2017 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд) бүртгүүлж болохоор заасан.

ХЭХЭБХБ-ны тухай хуульд онцлох, ач холбогдол бүхий дараах зохицуулалтуудыг багтаасан байна. Үүнд:

(a) хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрх үүсгэх, баталгаажуулах, хэрэгжүүлэх тодорхой зохицуулалтууд;
(b) зарим эд хөрөнгө, шаардах эрх болон авлагыг барьцаалах нарийвчилсан журам;
(c) зээлдүүлэгчийн барьцааны эрхийг хэрэгжүүлэх тодорхой дараалал;
(d) цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн зохицуулалт;
(e) барьцааны зүйлийг шилжүүлэх, ашиглах, арчлах, засварлах болон барьцааны зүйлийн даатгал, эвдрэл, гэмтэл зэрэгт холбогдох талуудын эрх, үүргийн талаарх заалтууд.

2. ХУУЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

2.1 Барьцаа үүсгэх
Барьцаа нь сонирхогч талууд гэрээ байгуулснаар эсхүл хуульд зааснаар үүснэ. Барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хуульд заасан зохих мэдээллийг заавал тусгана. Хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд ХЭХЭБХБ-ны тухай хуулийн зөвхөн барьцааны эрхийн баталгаажилт болон барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалалтай холбоотой заалтууд үйлчилнэ.

ХЭХЭБХБ-ны тухай хуулийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүхий л төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол болон урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөөр барьцааны эрх үүсгэж болно. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсаас бусад бүх төрлийн эд хөрөнгийг хөдлөх эд хөрөнгө гэж үздэг.2 Харин бусдын өмчлөлд шилжүүлж үл болох эрх эсхүл хуульд заасны дагуу төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгийг барьцаалах боломжгүй юм.

2.2 Барьцааны баталгаажилт
Барьцаа нь (i) барьцааны зүйлийг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлснээр эсхүл (ii) барьцааны зүйлийг зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлээгүй тохиолдолд барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна. Харин хуульд зааснаар үүсэх барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна.

ХЭХЭБХБ-ны тухай хуульд мөн мөнгөн хадгаламж, автотээврийн хэрэгсэл, зээлээр худалдсан эд хөрөнгийн барьцааг баталгаажуулахтай холбоотой онцлог зохицуулалтыг тусгасан байна.

2.3 Бүртгэлийн шинэ тогтолцоо
ХЭХЭБХБ-ны тухай хуульд хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан (цаашид "Барьцааны цахим мэдээллийн сан" гэх)-г Улсын бүртгэлийн ерөнхий газар (цаашид "Бүртгэлийн байгууллага" гэх) улсын хэмжээнд үүсгэх, түүний тасралтгүй үйл ажиллагааг хариуцахаар заасан. Тус барьцааны цахим мэдээллийн сангийн онцлог нь одоо хэрэгжиж буй үл хөдлөх эд хөрөнгө болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааг бүртгэх цаасан хэлбэрийн бүртгэлийн системээс ялгаатай буюу "барьцааны мэдэгдэл"-д суурилсан байх юм. Мөн уг мэдэгдлийг цахимаар бүртгүүлэх боломжтой байх юм. Ингэснээр барьцааны холбогдох гэрээ, баримт бичгийг Бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгөхгүйгээр барьцааг баталгаажуулах боломжтой болох ба улмаар Бүртгэлийн байгууллага тухайн баримт бичгийн хүчин төгөлдөр эсэхийг шалгах, баталгаажуулах шаардлагагүй болно гэж үзэхээр байна. ХЭХЭБХБ-ны тухай хуульд мэдэгдэлд талуудын нэр, хаяг, барьцааны зүйлийн тодорхойлолт, барьцаагаар хангах үүргийн хугацаа зэрэг мэдээллийг заавал тусгахаар заасан.

Цахим мэдээллийн сан нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд Бүртгэлийн байгууллагаас ажиллуулах цахим хайлтын системийг ашиглан мэдээлэл авах, хайлт хийх боломжтой байх юм.
Барьцаалагч барьцааг бүртгүүлэх хэдий ч барьцаалуулагчаас бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай. Талууд барьцаагаар хангах үүргийн хугацаанд Барьцааны цахим мэдээллийн санд бүртгүүлсний үндсэн дээр барьцааны эрхээ сунгах, өөрчлөх эсхүл бүртгэлээс хасуулах эрхтэй.

ХЭХЭБХБ-ны тухай хуулиар барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээг байгуулахаас өмнө бүртгүүлэх боломжийг олгосон. Барьцааны мэдэгдлийг ийнхүү урьдчилж бүртгүүлэх нь тухайн эд хөрөнгөөр хангагдах өөр барьцааны эрх бүртгэгдэхээс сэргийлэх буюу зээлдүүлэгчид нэмэлт баталгааг олгох юм.

Барьцааг бүртгүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд энэ нь барьцааны зүйлийн үнэлгээ эсхүл барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгээс үл хамаарах тогтсон хэмжээтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.

Хүснэгт 1: Бүртгүүлэхэд хураах улсын тэмдэгтийн хураамж

Бүртгэлийн агуулга

Хураамж

Шинээр бүртгүүлэх

20,000 төгрөг

Бүртгэлд өөрчлөлт оруулах

10,000 төгрөг

Лавлагаа авах

5,000 төгрөг

2.4 Барьцааны эрх хэрэгжүүлэх дараалал
Хэд хэдэн барьцаалагчтай тохиолдолд тэдгээрийн барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг тогтоох нь чухал асуудал бөгөөд хуульд үүнтэй холбоотой хоёр үндсэн зарчмыг хуульчилсан. Нэгдүгээрт, баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас давуу эрхтэй байна. Хоёрдугаарт, нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно.

Лизингээр худалдсан тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл болон мал, тэжээвэр амьтан болон буудайн бүтээгдэхүүнийг барьцаалсан зээлдэгч барьцааны эрхээ баталгаажуулсан бол бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй.

ХЭХЭБХБ-ны тухай хуульд талуудад барьцааны шаардлагаа хангуулах дарааллыг чөлөөтэй тохиролцож, өөрчлөх эрхийг олгосон. Мөн эд хөрөнгө бусдын эд юмстай холилдсон эсхүл нэгдсэн тохиолдолд барьцаа хэрэгжүүлэх дарааллыг тогтоосон.

2.5 Барьцааны шаардлага хангуулах
ХЭХЭБХБ-ны тухай хуульд барьцааны эрх хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг тодорхойлж өгсөн. Барьцааны шаардлага хангуулах нөхцөл бий болсон тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчид барьцааны шаардлагыг хангах мэдэгдлийг хүргүүлнэ. Шаардлага хангах хугацаа нь 14 хоногоос багагүй байна. Барьцаалуулагч тогтоосон хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ. Ийнхүү цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаалагчийн барьцааны зүйлийг эзэмшилдээ авах эрх үүснэ.

ХЭХЭБХБ-ны тухай хуульд барьцаалагч барьцааны эрхээ хэрэгжүүлэх тохиолдолд гарах зарим асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр заасан. Жишээлбэл барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ барьцааны зүйлийг эзэмшилдээ авах хүсэлтийг гаргана. Энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор барьцааны гэрээнд заасан нөхцөл биелсэн гэж үзэж барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэнэ.

ХЭХЭБХБ-ны тухай хуульд барьцааны зүйлийг худалдан борлуулж, барьцааны шаардлагыг хангах гурван арга замыг заасан байна. Үүнд барьцааны зүйлийг шууд худалдах, дуудлага худалдаагаар худалдах эсхүл тухайн төрлийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах тогтсон зах зээл, бирж дээрх худалдах зэрэг багтах бөгөөд аль ч тохиолдолд барьцаалагч хамгийн оновчтой аргыг сонгох үүрэгтэй юм. Тодорхой төрлийн барьцааны эрх, тухайлбал банкны дансанд дахь мөнгөн хөрөнгө эсхүл мэдүүлгийн үнэт цаасны барьцааг шүүхийн бус журмаар хангуулах боломжтой юм.

Барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үед барьцаалуулагч нь барьцааны шаардлага болон барьцааны шаардлага хангуулахтай холбоотой барьцаалагчаас гарсан зардал, хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд барьцааны зүйлийг эгүүлэн авах эрхтэй байна.

3. ДҮГНЭЛТ
Дараах хүснэгтэд ХЭХЭБХБ-ны тухай хууль батлагдахаас өмнөх болон батлагдсаны дараах зохицуулалтуудыг харьцуулсан болно.

Хүснэгт 2: Хөдлөх эд хөрөнгийн барьцаа – Хууль батлагдахаас өмнө ба дараa

Барьцаа

Баталгаажилт/ Бүртгэл
ХЭХЭБХБ-ны тухай хууль батлагдахаас өмнө

Баталгаажилт/ Бүртгэл
ХЭХЭБХБ-ны тухай хууль батлагдсаны дараа

Үл хөдлөх эд хөрөнгө (газар өмчлөх, эзэмших эрхийг оролцуулаад)


Тийм


Тийм

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл

Тийм

Тийм

Хувьцаат компанийн хувьцаа

Тийм

Тийм

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа

Үгүй

Тийм

Барааны тэмдэг

Тийм

Тийм

Автотээврийн хэрэгсэл

Үгүй

Тийм

Бусад эд хөрөнгө

Үгүй

Тийм

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааг бүртгэхтэй холбоотой үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх нь зарим талаар тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь Бүртгэлийн байгууллагаас батлан гаргах журмаас ихээхэн хамаарах юм. Мөн ХЭХЭБХБ-ны тухай хуульд барьцааны зүйлээс хангах шаардлагыг шүүхээс гадуур хангаж болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн боловч практик дээр хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна.

Эцэст нь дүгнэхэд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа үүсгэх, бүртгэх, баталгаажуулах тогтолцоог бий болгосноороо ХЭХЭБХБ-ны тухай хууль нь зээлдүүлэгчдийн эрх ашгийг хамгаалсан, ил тод байдлыг хангасан, бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлсэн, улмаар хөрөнгө оруулалтын өртгийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

1 ОУСК- Фирмийн санхүүжилтэд үзүүлэх хөдлөх хөрөнгийн барьцааны нөлөө, www.ifc.org
2 2002 оны 1-р сарын 10-ны өдөр батлагдсан Монгол Улсын Иргэний хуулийн 84-р зүйл

Эх сурвалж: Hogan Lovells Mongolia