Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Балбарын МЭДРЭЭ хүртлээ...

12-Р Сар 18, 2013

Монголын Банкны Холбоог хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан, салбартаа онцлон тэмдэглэх амжилт гаргасан, банкны байгууллагын хөгжил,  өсөлтийг хангахад манлайлан оролцсон, мэргэжлийн холбооны үндсэн зорилт, зорилгыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжин, хамтран ажилласан Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Балбарын Мэдрээд Монголын Банкны Холбооноос анх удаа дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-г ёслол, хүндэтгэлтэйгээр хүртээлээ.

Б.Мэдрээ нь эдийн засгийн салбарт 36 жил, банкны салбарт 26 жил ажилласан бөгөөд банк санхүүгийн салбарыг даацтай хөгжүүлэх, бэхжүүлэхэд гаргасан санаачлага, гардан зохион байгуулсан, хувь нэмрээ оруулсан томоохон ажлуудыг дурдвал олон юм. Тухайлбал, Арилжааны банкуудын нягтлан бодох бүртгэлийн гар ажиллагааг хөнгөвчилсөн Банкс программыг Монголд нэвтрүүлэх, төлбөрийн картын нэгдсэн сүлжээг бий болгох, Грэйпбанк программыг санаачлан хэрэгжүүлэх, шинэ дэвшилтэт технологи ашигласан бүтээгдэхүүнийг харилцагчдадаа хүргэх зэргээр салбарын хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг болон улс төрийн хүнд нөхцөлд банкны системд стратегийн ач холбогдолтой, нэр хүнд бүхий Худалдаа хөгжлийн банкийг амжилттай удирдаж ирсэн шилдэг удирдах ажилтан юм. Тэрээр Монголын Банкны Холбооны ерөнхийлөгчөөр 3 удаа улиран сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр 2 дахь жилдээ амжилттай, идэвхтэйгээр ажиллаж байгаа ба банк санхүүгийн салбарт ач холбогдол бүхий Банк санхүүгийн академи, Зээлийн мэдээллийн төв ХХК, Зээлийн батлан даалтын сан ХХК-ийг байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Мөн Банкны холбоог бие даасан, хараат бус байлгах, мөн арилжааны бүх банкуудаа адил тэгшээр халамжлан дэмжих, харилцан хамтран ажиллахад ихээхэн хүчин чармайлтаа зориулдаг манлайлах удирдагч юм. Б.Мэдрээ Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль, Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль зэрэг олон хуулийг санаачлах, батлуулах ажилд гар бие оролцсон  Монголын банкны салбарт яахын аргагүй дурдагдах гавъяатай нэгэн юм.

Б.Мэдрээгийн ажлын үр дүн, оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Эрх чөлөөний одон”, “Гавъяат эдийн засагч”-аар тус тус шагнасан бөгөөд банкны салбарын шилдэг, тэргүүний удирдах ажилтны нэг учир Монголын Банкны Холбооны Шагналын хорооноос Холбооны Дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-оор шагнахаар шийдвэрлэсэн юм. 

Б.Мэдрээ захиралдаа Холбооны удирдлага болон гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Монголын Банкны Холбоо