Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Mongolian Money Week 2014” хөдөлгөөнд Чингис Хаан Банк идэвхитэй оролцлоо

3-Р Сар 13, 2014

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дэлхий даяар 7 хоногийн турш зохион байгуулдаг “Global Money Week” хөдөлгөөнийг Монголын Банкны Холбоо болон гишүүн банкууд энэ сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд Чингис Хаан Банкнаас хотын алслагдсан хороолол буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 10 жилийн 85-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхэд бүр санхүүч”аяныг 2014 оны 3 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд 2 үе шаттай зохион явууллаа.  

Эхний үе шатанд Чингис Хаан Банкны төлөөлөл 85-р сургууль дээр зочилж ахлах ангийн сурагчдад “Санхүүгийн тухай бидний ойлголт” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцага зохион байгуулсан нь сурагчдад сонирхолтой байж тэд сэтгэл хангалуун хүлээн авлаа.

Хоёрдугаар үе шатанд 85-р сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Чингис Хаан Банк өөрийн байран дээрээ хүлээн авч, банкны үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгуулсан. Цаашид банк, санхүүгийн чиглэлээр их дээд сургуульд элсэн суралцаж, мэргэжлээрээ ажиллах хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд энэхүү өдөрлөгт оролцож ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ талаарх ойлголт мэдэгдэхүүнийг ажлын байран дээрээс авч баяр хөөртэй байсан нь Өдөрлөгийн ач холбогдол юм.

Ийнхүү хүүхэд залуучуудын иргэний эдийн засгийн боловсрол, санхүүгийн хүртээмжийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Хүүхэд бүр санхүүч” арга хэмжээнд оролцсон нийт сурагчдад банкны гарын бэлгийг гардуулан өгч дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

Талархал: Бидний зохион байгуулсан “Global Money Week” арга хэмжээнд идэвхи санаачлагатайгаар оролцсон Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 жилийн 85-р дунд сургуулийн удирдлага болон нийт багш сурагчиддаа талархал илэрхийлье!

Чингис Хаан Банк