Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

6-Р Сар 04, 2013

Монголын Банкны Холбооноос санаачлан Монголбанк, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Үндэсний Хөрөнгө оруулалтын Банктай тус тус хамтран “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт уулзалтыг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгууллаа. Уг уулзалтад нийт 30 орчим хүн оролцож, арилжааны банкууд гүйлгээнээс хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн илрүүлж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа, холбогдох төрийн байгууллагаас мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар харилцан санал мэдээлэл солилцлоо.

Уг уулзалтын үеэр Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн хэлтсийн захирал Ш.Эрдэнэбаатар “Хуурамч мөнгөн тэмдэгтийн танилцуулга” сэдвээр, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийг хошууч В.Алтантүлхүүр “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах гэмт хэргийн талаар” сэдвээр, ХХБ-ны Үйл Ажиллагааны Эрсдэлийн Удирдлагын Хэлтсийн захирал А.Дэлгэрсайхан “Хуурамч мөнгөн тэмдэгтийг таних, илрүүлэх талаар арилжааны банкнаас авч хэрэгжүүлж буй байгаа арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл тавьсан бөгөөд илтгэгчдийн ярьсан асуудлуудтай холбоотойгоор харилцан ярилцаж, шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг авсан юм.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

  • Цаашид энэ сэдвийг хөндөн томоохон хэмжээний арга хэмжээг зохион байгуулна.
  • Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын хамтарсан 2006 оны 452/81/483 дугаартай тушаалын шинэчилсэн найруулга болох “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах журам”-ын төслийг 2013 оны 2 дугаар хагаст багтаан батлуулж, мөрдүүлнэ.
  • Бэлэн бус төлбөр тооцоог нэмэгдүүлэхтэй холбоотой эдийн засгийн хөшүүргийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Иргэдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагавар, хууль зүйн хариуцлагын талаар мэдээлэл өгч ажиллана.

                                      МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО