Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбооны нэрэмжит шатрын блиц, рапид тоглолт, бодлого бодолтын оны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө

12-Р Сар 12, 2013

Монголын банкны холбооны нэрэмжит шатрын блиц, рапид тоглолт, бодлого бодолтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Гадаад хэргийн яаманд 2013 оны 12 дугаар сарын 6-аас 8-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.

Тэмцээний зохион байгуулагчаар Монголын Банкны Холбоо, Монголын Шатрын Холбоо болон Гадаад хэргийн яам ажилласан бол ивээн тэтгэгчээр Голомт банк, Капитал банк, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк ажиллаа.

Монголын банкны холбооны нэрэмжит шатрын блиц тоглолтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхний өдрүүдэд явагдсан бөгөөд энэ удаагийн шатрын блиц тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 11 дэх удаагийнх юм. Тэмцээнд нийт 55 шилдэг шатарчин оролцсоны дотор 3 их мастер, 5 олон улсын мастер, 12 ФИДЕ мастер байлаа.

Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглосноос эмэгтэйчүүдээс ОУМ Д.Янжиндулам 7.5 оноогоор түрүүлж, СМ Э.Хулан 7.5 оноогоор хоёрдугаар байр, СМ Б.Билэгжаргал 5.5 оноогоор гуравдугаар байр эзлэв. ФМ У.Лхамсүрэн, ДМ Э.Амаржаргал нар шагналт байрт шалгарлаа.

Эрэгтэйчүүдээс өсвөрийн шатарчин, ФМ С.Билгүүн 7.5 оноогоор нэгдүгээр байр, ФМ С.Ган-Од 7.0 оноогоор хоёрдугаар байр, өсвөрийн шатарчин Э.Энхнар 7.0 оноогоор гуравдугаар байр эзлэж, ахмад шатарчин ФМ Ж.Лхагва, СМ Б.Нямдаваа нар тус бүр 6.5 оноогоор шагналт байр эзэллээ.

Шатрын рапид тоглолтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн нь 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнд нийт 53 шилдэг шатарчин оролцсоны дотор 3 их мастер, 5 олон улсын мастер, 15 ФИДЕ мастер байлаа. Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглосноос эмэгтэйчүүдээс олон улсын мастер Д.Янжиндулам 9.0 оноогоор түрүүлж, спортын мастер С.Сарантунгалаг 6.0 оноогоор хоёрдугаар байр, ФИДЕ мастер У.Лхамсүрэн 6.0 оноогоор гуравдугаар байр эзлэв. ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ 6.0 оноогоор, спортын мастер Ө.Нямтуяа 5.5 оноогоор шагналт байрт шалгарлаа.

Эрэгтэйчүүдээс их мастер Д.Шаравдорж 7.5 оноогоор нэгдүгээр байр, олон улсын мастер Г.Мөнхгал 7.0 оноогоор хоёрдугаар байр, ФИДЕ мастер У.Насанжаргал 6.5 оноогоор гуравдугаар байр эзлэж, өсвөрийн шатарчин ФИДЕ мастер С.Билгүүн, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр нар тус бүр 6.5 оноогоор шагналт байр эзэллээ.

Бодлого бодолтын тэмцээн нь уламжлал ёсоор Шатрын бодлого зохиомжийн дэлхийн хүндэт мастер, олон улсын хэмжээний мастер С.Чимэдцэрэн агсны нэрэмжит болсон юм. Энэ удаагийн 9 дэх тэмцээнд шилдэг 20 бодогч оролцож, 70 минутад 20 онооны 4 даалгавар гүйцэтгэснээс ФИДЕ мастер С.Билгүүн 19.5 оноогоор анх удаа аварга боллоо. ФИДЕ мастер, бодлого бодолтын улсын аварга Ж.Лхагва 15,5 оноогоор мөнгөн медаль, Спорты  мастер Б.Галмандах 15.0 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Ингээд хамтран ажилласан ивээн тэтгэгч байгууллага, оролцогч нийт тамирчдад Монголын Банкны Холбооны зүгээс талархаж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монголын Банкны Холбоо