Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Тулгамдаж буй асуудлаа амжилттай хэлэлцлээ.

3-Р Сар 28, 2013

Монголын Банкны Холбоо нь Хууль зүйн яам, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, түүний харъяа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Хаан банктай хамтран “Зээлийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр Blue Sky зочид буудлын Топаз танхимд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн ивээн тэтгэгчээр Хаан банк оролцож, хамтран ажилласан байгаа бөгөөд хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, ШШГЕГ, НШГА, Монголбанк, Нийслэлийн шүүх, мөн түүнчлэн нийт арилжааны банкны төлөөлөл, ББСБ, санхүүгийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач оролцсон нь онцлог байлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр хэд хэдэн илтгэл тавигдсан бөгөөд тухайлбал, ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар баримталж буй бодлого” сэдвээр, МУИС-ийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор Б.Баярсайхан “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын харилцан хамаарал” сэдвээр, НШГА-ны БГД-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Дашдаваа “Зээлийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр, Хаан банкны Тусгай активын хэлтсийн ахлах байцаагч Э.Шинэбаяр “Зээлийн өр төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх санал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээр иргэний хэргийн тэр дундаа зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд үүсч гардаг хүндрэл, бэрхшээлийн талаар бодит мэдээллийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран шийдэлд хүрэхийг зорин ажиллалаа юм.

Энэхүү үйл ажиллагааг дэмжиж ажилласан Хаан банк болон тэр дундаа Хуулийн хэлтэс, Тусгай активийн хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.