Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХАЯГААР ДАМЖУУЛАН ОЛГОДОГ БОЛНО...

6-Р Сар 03, 2013

Шинэчлэлийн засгийн газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгох тогтолцоо бүрдүүлэх, элдэв хардалт дагуулахгүйгээр ил тод нээлттэй байлгахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болгож барьцаа хөрөнгийн лавлагаа, мэдээлэл авах, барьцааны гэрээг бүртгүүлэхтэй холбоотойгоор бий болдог дараалал, чирэгдлийг бууруулах, иргэн, харилцагчид үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Монголын Банкны Холбоо, түүний гишүүн нийт арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа.

Талууд ажлын уялдаа холбоогоо сайжруулан, техник технологийн дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, эхний ээлжинд барьцаа хөрөнгийн лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага, банк санхүүгийн байгууллага хооронд шууд цахим шуудангаар дамжуулан мэдээлэл олгож, хүлээн авч байх юм.

Хамтын ажиллагааны үр дүнд улсын бүртгэлийн байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээ түргэн шуурхай болох, иргэдийн явдал чирэгдэл эрс багасахын зэрэгцээ хамтран ажиллагч талуудын ажлын уялдаа холбоо сайжирч, барьцааны эрхийг бүртгүүлэхтэй холбоотой шууд эрсдэл буурна гэж үзэж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн байгууллага нь барьцаалуулагчийн барьцаа хөрөнгийн бүртгэлийнлавлагаа, мэдээллийг банк, санхүүгийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Улаанбаатар хотын хэмжээнд баталгаат цахим шуудангаар дамжуулан олгоно.
  2. Барьцааны гэрээг банк бүртгүүлэх ажлыг өөрийн үйл ажиллагаатай уялдуулан шат дараатай хэрэгжүүлнэ.
  3. Барьцаалуулагчтай байгуулж буй барьцааны гэрээг бүртгүүлэхэд хялбар болгох зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  4. Талууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөн түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр мэдээлэх ажлыг хамтран зохион байгуулна.


                                                  МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО