Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ХХБ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.МЭДРЭЭ СОНГОГДЛОО

9-Р Сар 05, 2019

Монголын банкны холбооны эрх барих дээд байгууллага буюу Чуулган 2019 оны 9-р сарын 5-ны өдөр хуралдлаа. Энэ удаагийн Чуулганаар Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын сонгуулийг зохион байгуулав.

Холбооны дүрэмд зааснаар Ерөнхийлөгч нь Үндсэн гишүүд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байх ба Чуулганаар 2 жилийн хугацаатай сонгогддог. 2018 онд Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож, зээлийн хүү бууруулах стратеги боловсруулан, уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ. Чуулганаар Ө.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсож, бага хугацаанд үр бүтээлтэй ажилласаныг сайшаав.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, олонхийн саналаар Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр зээлийн хүү бууруулах арга хэмжээг цааш үргэлжлүүлж, цогц арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах хүрээнд банкууд дээр давхардаж гарч буй зардлуудыг нэгтгэх, банк дундын үйлчилгээний компаниудаар гүйцэтгүүлэх талаар манлайлан ажиллахаа мэдэгдсэн юм.

Б.Мэдрээ нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан төдийгүй тус салбарт олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай банкир юм. Тухайлбал,

  • Хоёр шатлалт банкны тогтолцоог анхлан санаачлагчдын нэг
  • Орон сууцны 8%–н зээлийг анхлан санаачилсан
  • Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл”–ийн хөтөлбөрийг Монголын арилжааны банкинд хэрэгжүүлэх ажлыг санаачлагч
  • Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай болон зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслүүдийг санаачилсан

Холбооны Ерөнхийлөгчийг эзгүйд түүнийг орлох, тодорхой чиглэлийг манлайлан ажиллах Дэд ерөнхийлөгч нарыг Чуулганаар мөн адил 2 жилийн хугацаагаар сонгодог. Холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар өөр ажилд томилогдсон тул Дэд ерөнхийлөгчөөр ажиллах эрхмүүдийг Чуулганаас нэр дэвшүүллээ. 

Улмаар Чуулганы төлөөлөгчдийн олонхын саналыг авч, сонгогдсон Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч, Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Холбооны удирдлагын багт хамтран ажиллахаар боллоо.

М.Отгонбаяр
Дэлхийн банк ба Нордикийн Хөгжлийн Сангийн санхүүжилттэй Тээвэр Хөгжүүлэх Төслийн дэд хэсэг болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах Зөвлөх үйлчилгээний төслийн Монголын талыг хариуцсан менежер, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйг сайжруулах төслийн удирдагч, Монгол шуудан, Голомт зэрэг банкнуудад дэд захирал, газар, хэлтсийн захирлаар ажиллаж байсан.
2016 оны 10 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Норихико Като
Банкны салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт хариуцан удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Үүнээс гадна 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан банканд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
2019 оны 5 дугаар сараас Голомт банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.


Монголын банкны холбооны удирдлагын багийг манлайлан ажиллаж, үр бүтээлтэй ажилласан Ө.Ганзориг, Д.Баярсайхан, Торстен Клайн Бойнинг нартаа болон шинээр сонгогдсон удирдлагууддаа нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО