ГАРЧИГ
- Удиртгал
- Нэр томъёо
- Үндсэн зарчмууд
- Ерөнхий зүйл
- Дансны үйлчилгээ
- Зээлийн үйлчилгээ
- Төлбөр тооцооны үйлчилгээ
- Харилцагчийн үүрэг хариуцлага
- Гомдол шийдвэрлэх
- Бусад
1. УДИРТГАЛ
Банк, түүний харилцагч хоёрын харилцаа итгэлцэл дээр тогтдог. Мөнгөн хөрөнгөө найдвартай хадгалуулах, үнэ цэнийг нь алдахгүй байх, зээл, төлбөр тооцооны үйлчилгээ авах зорилгоор харилцагчид маань биднийг зорин ирдэг. Харилцагчдынхаа энэхүү итгэлийг алдахгүйн тулд банк, банкны ажилтнууд ёс зүйтэй, тэнцвэртэй, хариуцлагатай ажиллах үүрэгтэй гэдгийг бид бүрнээ ухамсарладаг. Тиймээс үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаар Монголын Банкны Холбоо болон Холбооны гишүүн банкууд энэхүү үйлчилгээний кодексийг боловсруулан баталсан юм.
Бид харилцагч тантай хамтдаа хөгжиж, эх орныхоо эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
2. НЭР ТОМЪЁО
Энэ кодекст ашигласан дараах нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:
2.1. “Бид”, эсвэл “банк” гэж Монголын банкны холбооны гишүүн бөгөөд энэхүү кодексийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхээ илэрхийлсэн банк болон түүний ажилтнуудыг;
2.2. “Та”, эсвэл “харилцагч” гэж банкны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг авахаар хандсан болон авсан иргэнийг;
3.3. “Зээлдэгч” гэж банкнаас зээлийн үйлчилгээ авсан иргэнийг.
3. ҮНДСЭН ЗАРЧМУУД
Энэхүү кодексийг хэрэгжүүлэхдээ бид дараах үндсэн дөрвөн зарчмыг удирдлага болгон ажиллана:
3.1. Итгэлтэй, найдвартай байх
“Бид харилцагчдынхаа итгэлийг хүлээж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх талаар үргэлж дээд зэргээр чармайж, хүчин зүтгэл гаргах болно. Бид хууль журмыг чандлан сахиж, харилцагчийнхаа байгууллагын болон хувийн нууцыг дээдлэн хамгаална”.
3.2. Шударга, ёс зүйтэй байх
“Бид бүх үйл ажиллагаандаа ёс зүйн болон шударга ёсны өндөр хэм хэмжээг баримталж ажиллана. Харилцагчдадаа хүндэтгэлтэй, хариуцлагатай, найрсаг хандлагыг манай байгууллагын суурь соёл болгон хэвшүүлнэ”.
3.3. Үйлчилгээний чанарт анхаарах
“Бид үйлчилгээнийхээ чанарт байнга анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүртээмжтэй, хүрэлцээтэй байдлаар хүргэхийг хичээнэ. Бид харилцагчдад хэрэглэхэд хялбар, хямд төсөр бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгохыг эрмэлзэж, хариуцлагатай зээлийн соёлыг бий болгоно”.
3.4. Ил тод, хариуцлагатай байх
“Бид харилцагчдад шаардлагатай мэдээллийг ойлгомжтой, тодорхой байдлаар цаг тухайд нь хүргэж байх болно. Бид Тантай харилцахдаа ил тод, үнэнч шударга, хариуцлагатай байх зарчмыг баримтална”.
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4.1. Үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл
4.1.1. Харилцагч нь банкны үйлчилгээний ерөнхий нөхцөл, хүү, шимтгэл, хураамжтай банкны салбар, тооцоны төв, веб хуудас болон цахим банкны сувгаар дамжуулан хэдийд ч танилцах боломжтой байна.
4.1.2. Банк өөрийн үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл, хураамжид өөрчлөлт орохоор бол харилцагчдад урьдчилан мэдэгдэнэ. Мөн салбар, тооцооны төвийн байршил, интернет үйлчилгээний болон холбогдох бусад хаяг өөрчлөгдөх бүрд өөрийн веб хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим шуудан зэргээр харилцагчдад урьдчилан мэдэгдэнэ.
4.1.3. Хэрэв банкны үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл хураамжид оруулахаар мэдэгдсэн өөрчлөлт нь харилцагчид сөрөг нөлөөтэй бол банк харилцагчид тухайн үйлчилгээг дуусгавар болгох, эсвэл ижил төстэй бусад үйлчилгээгээр солих боломжийг олгоно.
4.1.4. Харилцагчийг банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаас өмнө буюу гэрээ байгуулах үед тухайн үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл, хураамж, тэдгээрийг хэрхэн төлөх талаарх мэдээлэлтэй танилцах боломжийг олгоно. Мөн үндсэн хүү, шимтгэл, хураамжаас гадна харилцагч гэрээний үүргээ зөрчсөн, тухайлбал, зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийгээгүй бол тооцогдох нэмэгдүүлсэн хүү, харилцагчаас нэхэмжлэх зардлын хувь хэмжээ зэрэг болзошгүй төлбөрийн мэдээллийг өгнө.
4.1.5. Үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл, хураамжийн талаар тодруулах зүйл байвал банкны холбогдох ажилтан Танд туслахад бэлэн байх болно. Банкны ажилтан Таны авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд холбогдох хүү, шимтгэл, хураамжийг хэрхэн тооцоолох, хэзээ, хэрхэн төлөх боломжтой талаар тайлбарлаж, мөн шаардлагатай бол зөвлөгөө өгч болно.
4.1.6. Банк веб хуудас болон цахим банкны сувагтаа өөрийн санал болгож буй зээлийн өртөг, хадгаламжийн өгөөж, валют хооронд хөрвүүлэх дүн зэргийг тооцоолж, бусад этгээдийн санал болгож буй үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй харьцуулах боломж олгох зорилгоор тооцоолуур байршуулах зэргээр харилцагчид шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлнэ.
4.2. Харилцагчид мэдээлэл хүргэх
4.2.1. Бид харилцагчдад мэдээллийг ойлгомжтой, энгийн, тодорхой байдлаар хүргэнэ.
4.2.2. Бид харилцагчдад ач холбогдолтой мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ.
4.2.3. Харилцагчтай байгуулсан гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд бид мэдээллийг дараах сувгуудын аль нэгийг ашиглан хүргэнэ:
4.2.3.а. Утсаар, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр;
4.2.3.б. Банкны веб хуудас, нийгмийн сүлжээн дэх хуудас, бусад цахим платформоор дамжуулан.
4.2.4. Банкны үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар мэдээлэл, тайлбар, зөвлөгөөг банкны тусгайлан бэлтгэгдсэн мэдээллийн болон лавлах үйлчилгээний ажилтнууд утсаар болон салбар, тооцооны төв дээр биеэр өгөх боломжтой байна. Нарийн мэргэжлийн зөвлөгөөг хуульч, нягтлан бодох, санхүүгийн мэргэжилтнээс авахыг бид Танд зөвлөж болно.
4.2.5. Бид харилцагчийн хүсэлтээр түүнтэй байгуулсан гэрээ, хэлцэл, дансны хуулга, өмнө нь түүнд бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагын хувийг банкны дотоод журамд заасан хугацааны дотор гаргаж өгнө.
4.3. Мэдээллийн нууцлал
4.3.1. Банк харилцагчийн хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хамгаалах болно.
4.3.2. Банк харилцагчийн мэдээллийн нууцлалыг хуульд заасан ерөнхий үүргийнхээ хүрээнд хамгаалахаас гадна өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэн илүү нарийвчилсан дотоод дүрэм, журмыг боловсруулан түүнийгээ чандлан хэрэгжүүлнэ.
4.3.3. Банк харилцагчийн хувийн мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд бусдад задруулж болно:
4.3.3.а. Хуульд заасан үндэслэлээр;
4.3.3.б. Харилцагч өөрөө хүссэн буюу зөвшөөрсөн.
4.4. Мэдээллийн аюулгүй байдал
4.4.1. Цахим банк болон мэдээлэл, харилцааны бусад сувгаар банкны үйлчилгээ үзүүлэхдээ бид мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
4.4.2. Банк өөрт хадгалагдаж буй харилцагчийн хувийн мэдээллийг гадны халдлагад өртөх, санаатай болон санамсаргүйгээр алдагдахаас урьдчилан сэргийлэх, техник, технологи болон үйл ажиллагааны дүрэм, журмын хүрээнд найдвартай хамгаалах арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэн ажиллана.
4.4.3. Цахим банкны үйлчилгээг авахад нэвтрэх арга, хэлбэрийн хувьд хувь хүнийг тодорхойлох нэмэлт нууц үг, төхөөрөмж ашиглах, тэдгээрийг хавсран хэрэглэх зэрэг шаардлагыг банкны зүгээс харилцагчид тавьж болно.
4.4.4. Цахимаар хийх боломжтой гүйлгээний дүн, нэг өдөрт хийх гүйлгээний тоо зэргийг тогтоох замаар мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, алдаа гарах боломжийг хязгаарлана.
4.4.5. Цахимаар болон мэдээлэл, харилцааны бусад сувгийг ашиглан хийсэн гүйлгээний түүх, тэмдэглэлийг нарийвчлан үлдээж, эргэн нягтлах, шалгах боломжийг хангана.
4.4.6. Харилцагч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор банкнаас өгсөн зааварчилгааг чандлан биелүүлэх, олон нийтийн хэрэглээнд зориулсан цахим терминал банкны гүйлгээнд ашиглахгүй байх, өөрийн компьютерт бусад этгээд зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлэх, цахим шуудан, мессеж, утсаар өөрийн нууц мэдээллийг хэнд ч өгөхгүй байх зэргээр өөрөөс хамаарах арга хэмжээг авах шаардлагатай.
4.5. Зар сурталчилгаа
4.5.1. Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх зар сурталчилгаа нь ойлгомжтой, тодорхой, ёс суртахууны хэм хэмжээнд нийцсэн, төөрөгдөл төрүүлэхээргүй байна.
4.5.2. Банкны зар сурталчилгааг харилцагч Тантай харьцдаг ердийн сувгуудыг (хэвлэл мэдээлэл, интернет, цахим шуудан, мессеж үйлчилгээ, мобайл банк гэх мэт) ашиглан хүргэнэ.
4.5.3. Банк харилцагчийг зар сурталчилгаа хүлээн авах үйлчилгээнээс хэдийд ч хасуулах боломжийг олгоно.
4.5.4. Банк харилцагчид зар сурталчилгаа хүргэхдээ харилцагчийн онцлог, эрэлт хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгохыг эрмэлзэнэ.
4.5.5. Банк аливаа үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөлд энэ талаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахаас өмнө харилцагчид тодорхой мэдэгдсэн байна.
5. ДАНСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
5.1. Харилцагч Танд бид ашиглахад хялбар, нууцлал сайтай, үйлчилгээний хураамж шимтгэл хямд төсөр, Таны эрэлт хэрэгцээнд нийцсэн олон улсын төвшний дансны үйлчилгээг хүргэх талаар чармайн ажиллах болно.
5.2. Банкнаас санал болгож буй дансны үйлчилгээний төрөл, нөхцөл, холбогдох шимтгэл, хураамж, дансны талаар Таны эдлэх эрх, хүлээх үүргийн тухай мэдээллийг ойлгомжтой, энгийн үг хэллэгээр илэрхийлж хүргэнэ.
5.3. Дансны үйлчилгээний нөхцөлд дансанд заавал байлгах доод үлдэгдэл, үлдэгдэлд тооцогдох хүү (хэрэв байгаа бол), дансыг ашиглалгүй удсан тохиолдолд хэрхэх, банктай холбогдох бусад өр төлбөртэй харилцан суутгах тохиолдол зэргийг багтаана.
5.4. Хугацаатай хадгаламжийн хувьд хүү бодогдох арга, хуваарь, хадгаламжийн гэрээг цуцалж зарлага хийсэн тохиолдолд тооцогдох хүү, хадгаламжийг хэрхэн сунгах талаар мэдээллийг холбогдох гэрээ болон үйлчилгээний ерөнхий нөхцөлд тусгана.
5.5. Харилцагч банкинд анх удаа данс нээлгэх бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу харилцагчийг таньж мэдэх ажиллагааны хүрээнд харилцагчийн тухай холбогдох мэдээллийг (иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, ажил эрхлэлт, холбоо барих арга зэрэг) банк нягтлан авах үүрэгтэй. Ингэснээр харилцагчийн нэрээр бусад этгээд данс нээлгэн ашиглах, Монгол Улсын банк, санхүүгийн системийг гэмт хэргийн зорилгоор урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлнэ.
5.6. Харилцагчид ашиглаж буй дансныхаа хуулгыг АТМ, цахим банкаар, эсвэлбанкны салбар, тооцооны төвөөр дамжуулан авах, танилцах боломжийг олгоно. Хуулгыг салбар, тооцооны төвөөс тус нэгжийн ажлын цагийн хүрээнд зохих хэмжээний хэвлэлтийн зардлыг төлж авах боломжийг нээлттэй байлгана.
5.7. Цаашид ашиглах шаардлагагүй дансыг харилцагч хаалгах эрхтэй. Банк харилцагчид мэдэгдэлгүйгээр дансыг хаахгүй. Гэхдээ дараах тохиолдолд харилцагчид мэдэгдэл хүргэхээс өмнө хааж болно:
5.7.1. Хуульд заасан үндэслэлээр;
5.7.2. Гэрээнд заасан үндэслэлээр буюу тодорхой хугацааны туршид дансыг ашиглаагүй бол;
5.7.3. Дансыг гэмт хэргийн зорилгоор ашиглаж буй талаар үндэслэлтэй таамаг, сэжиг байгаа бол.
5.8. Харилцагч өөрийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудан зэрэг хувийн мэдээлэлд гарсан өөрчлөлтийг даруй банкинд мэдэгдэх үүрэгтэй байна.
5.9. Харилцагч өөрийн дансны мэдээлэл бүхий интернэт банкны нэвтрэх нууц үг, PIN код, хадгаламжийн дэвтэр, төхөөрөмж (хэрэв байгаа бол) – ийн нууцлалыг чандлан хадгалж аливаа гуравдагч этгээд, түүний дотор банкны ажилтанд ч задруулахгүй байх шаардлагатай.
5.10. Харилцагчийн дансны мэдээлэл бүхий интернэт банкны нэвтрэх нууц үг, хадгаламжийн дэвтэр, төлбөрийн карт, PIN код алдагдсан, дансаар дамжин Таны мэдэхгүй гүйлгээ хийгдсэн зэрэг тохиолдолд яаралтай банкинд хандаж холбогдох арга хэмжээг авахуулах шаардлагатай. Мөн нууц үг, PIN код зэргийг бусад этгээд амархан таах бололцоогүй хувилбараар тогтмол өөрчилж байх хэрэгтэй.
5.11. Таны дансыг ашиглан зөвшөөрөлгүй, сэжигтэй гүйлгээ хийгдсэн, мөнгөн хөрөнгө алдагдсан зэрэг тохиолдолд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллахад Таны оролцоо чухал үүрэгтэй.
5.12. Данснаас зарлага гаргах, шилжүүлэх, орлого оруулахад хураамж шимтгэл төлөх бол тухайн үйлчилгээг хүргэж буй сувгаас хамаарах (жишээлбэл АТМ) Танд бид гүйлгээ хийхээс өмнө мэдэгдэх болно.
5.13. Хэрэв Та дансны хамтран эзэмшигч бол дансны аль нэг эзэмшигч дангаар, эсвэл заавал хамтран эзэмшигч бүр баталгаажуулсны үндсэн дээр гүйлгээ хийх боломжтой байхыг сонгож болно. Ялангуяа, насанд хүрээгүй, эрх зүйн хязгаарлагдмал чадaмжтай зэрэг этгээдийн хувьд ийм үйлчилгээ чухал ач холбогдолтой байдаг.
6. ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
6.1. Банк харилцагчийн санхүүгийн чадавхи, эргэн төлөлтийн магадлалыг үнэлсний үндсэн дээр зээл олгохдоо хариуцлагатай хандана.
6.2. Зээлийн хүсэлт гаргахдаа харилцагч Та холбогдох мэдээллийг бүрэн, үнэн зөв гаргаж өгснөөр бидэнд зээлийн шийдвэрийг түргэн шуурхай гаргахад дөхөмтэй байх болно.
6.3. Банк зээлийн эрсдэлийг үнэлэхдээ харилцагчийн гаргаж өгсөн мэдээллээс гадна харилцагчийн санхүүгийн сахилга бат, зээлийн түүхийг үнэлэхэд ач холбогдолтой гуравдагч этгээдийн мэдээллийг ашиглаж болно. Үүнд, зээлийн мэдээллийн сан, нийгмийн даатгалын мэдээлэл, барьцаа хөрөнгийн тухай мэдээлэл (үүгээр хязгаарлагдахгүй) зэрэг орж болно.
6.4. Банк зээл олгохдоо харилцагчид холбогдох үйлчилгээний нөхцөл, зээлдэгчийн эрх, үүрэг, зээлийн хүү, шимтгэл, хураамж, тэдгээрийг тооцоолох арга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлөх арга хэлбэр, гэрээнд заасан хуваариас хоцроосон тохиолдолд тооцогдох нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, зээлийг хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд үүсэх зардал, үр дагавар, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлаж, зээлийг буцаан дуудах, зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрсдэлийн талаар мэдээлэл өгнө.
6.5. Зээлийн гэрээг зээлийг хуваарийн дагуу төлөөгүйгээс бусад хэлбэрээр зөрчсөн бол (зээлийн хөрөнгийг зээлийн гэрээнд зааснаас бусад зориулалтаар ашигласан, гуравдагч этгээд зээлийн барьцаа хөрөнгөтэй холбогдсон шаардлага гаргасан, зээлтэй холбоотой тайлагнах үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан даатгуулах үүргээ биелүүлээгүй гэх мэт) банк харилцагчид энэ тухай мэдэгдэж, зөрчлийг арилгах боломжит хугацаа өгнө. Гэхдээ энэхүү зөрчил нь Таны зээл эргэн төлөх чадварт ноцтой нөлөө үзүүлэх, барьцааны үнэ цэн буурах, банкны хувьд эрх зүйн болон нэр хүндийн эрсдэл үүсгэх бол банк хууль болон гэрээнд заасны дагуу цаг алдалгүй арга хэмжээ авах эрхтэй.
6.6. Зээлтэй холбоотой аливаа хөрөнгийн үнэлгээг харилцагчийн зардлаар хийлгэсэн бол үнэлгээний тайлангийн хувийг харилцагчийн хүсэлтээр түүнд гаргаж өгч болно.
6.7. Зээлийн даатгал хийх шаардлагатай бол банк даатгалын нөхцөл, хураамжийн талаар харилцагчид мэдээлэл өгч, тухайн үйлчилгээг авах боломжтой даатгагчийн тухай мэдээллийг өгнө. Хэрэв банк даатгалын зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг бол харилцагчид 2 – оос доошгүй даатгуулагчаас сонгож үйлчлүүлэх боломж олгоно.
6.8. Хэрэв харилцагч зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар оролцох хүсэлтэй бол банк харилцагчид батлан даагч, хамтран зээлдэгчийн ялгаа, хүлээж болзошгүй эрсдэл, эрх үүрэг, үр дагаврыг тайлбарлаж, хараат бус хуулийн зөвлөгөө авахыг зөвлөхөөс гадна, Таныг дарамт шахалтад ороогүй, сайн дурын үндсэн дээр хамтран зээлдэгч болох хүсэлтэй байгааг баталгаажуулсны үндсэн дээр зээлийн гэрээнд оролцуулна.
6.9. Батлан даагч болох хүсэлт гаргасан харилцагчид тухайн батлан даалтын хамрах зээлийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдсон зардал, батлан даалт хэдийд ямар нөхцөлд дуусгавар болох талаар тайлбарлаж, гэрээнд тусгана.
6.10. Батлан даалтаар баталгаажсан зээлийн төлөлт, зээлийн гэрээний бусад нөхцөлийн талаар зээлдэгчид шаардлага тавьсан, зээлийн эргэн төлөлт хуваарьт хугацаанаас нэг сараас дээш хоцорсон, эсвэл тухайн зээлдэгчийн бусад зээлийн хувьд ижил нөхцөл байдал үүсэн бол банк энэ тухай батлан даалт гаргагчид тухай бүр мэдэгдэнэ.
6.11. Батлан даалтын гэрээ байгуулах үед банк Танд батлан даах гэж буй зээлийн гэрээ (төсөл), тухай зээлийн гэрээнд холбогдох бусад барьцаа, батлан даалтын гэрээ, даатгалтай бол даатгалын гэрээний хуулбарыг гарган өгнө.
6.12. Банк батлан даалт гаргагчид дараах тохиолдолд батлан даалтын гэрээнээс татгалзах боломж олгоно:
6.12.1. батлан даах гэж буй зээлийн гэрээний дагуу зээлийн олголт хийгдэхээс өмнө;
6.12.2. зээлийн олголт хийгдсэний дараа зээлийн дүн болон холбогдох хүүг банкинд төлснөөр.
6.13. Батлан даалтын гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаас өмнө банк зээлдэгчийн барьцаалуулсан барьцаа, бусад эх үүсвэрээс зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээг авна.
7. ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
7.1. Банк төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйлчилгээг үзүүлэхдээ холбогдох шимтгэл, хураамжийн мэдээллийг харилцагчид урьдчилан өгнө.
7.2. Гадаад төлбөр тооцооны үйлчилгээг банк Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Монголбанк, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан журам, зааврын хүрээнд үзүүлнэ.
7.3. Гадаад шилжүүлгийн хувьд дамжуулагч банк (байгаа бол), хүлээн авагч банкны шимтгэл хураамжийн хэмжээ, тэдгээрийг шилжүүлэгч, эсвэл хүлээн авагч талын аль нь төлөх боломжтой, шилжүүлэг дунджаар хэдэн хоногт хийгдэх, гадаад валютад хөрвүүлэх бол хэрэглэгдэх ханшийн талаарх мэдээллийг харилцагчид өгнө.
7.4. Гадаад шилжүүлгийн захиалгыг хүлээн авснаас хойш мэдээлэл дутуу, буруу гэх шалтгаанаар шилжүүлэг гүйцэтгэх боломжгүй болсон, буцаагдсан, цуцлагдсан бол харилцагчид энэ тухай нэн даруй мэдэгдэнэ.
7.5. Төлбөрийн карт, цахим банк ашигласан шилжүүлгийн гүйлгээний тоо, дүнд өдрийн дээд хязгаар тогтоох бол тухайн үйлчилгээний гэрээнд тусгана.
8. ХАРИЛЦАГЧИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
8.1. Харилцагч Та банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа хариуцлагатай, шударга хандах нь хоёр талын итгэлцэл дээр үндэслэсэн харилцааг бүтээхэд нэн чухал юм. Банкны харилцагчийн хувьд дараах үүрэг, хариуцлагыг хүлээх шаардлагатай:
8.1.1. Данс нээлгэх, зээл авах зэрэг банкны үйлчилгээ авах хүсэлт гаргахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, банкны эрсдэлийн удирдлага бусад дотоод журмаар шаарддаг мэдээлэл, бичиг баримтыг үнэн зөв, бүрэн гаргаж өгөх;
8.1.2. Үйлчилгээний нөхцөл, хүү шимтгэл, хураамжийн талаар банкнаас өгсөн мэдээлэл, гэрээний агуулгатай уншиж танилцах, шаардлагатай бол тайлбар хүсэх, тодруулга авах;
8.1.3. Зээл авахдаа өөрийн санхүүгийн нөхцөл байдал, эргэн төлөх боломжийг харгалзан үзэх, санхүүгийн байдалд өөрчлөлт орсон бол банкинд даруй мэдэгдэх;
8.1.4. Өөрийн оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудан зэрэгт өөрчлөлт орсон тухай бүрт банкинд мэдэгдэх;
8.1.5. Дансны хуулга, бусад баримт бичигт тэмдэглэгдсэн үнийн дүн, огноо зэрэг мэдээллийг алдаатай гэж үзсэн бол энэ талаар даруй мэдэгдэж тодруулах, залруулах хүсэлт гаргах;
8.1.6. Дансыг гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр, эсвэл гэмт хэргийн зорилгоор ашигласан байх сэжиг таамаг байвал банкинд даруй мэдэгдэх;
8.1.7. Өөрийн ашиглаж буй төлбөрийн болон зээлийн картын нууц дугаар (PIN код) – ыг бусдад, түүний дотор банкны ажилтанд ч мэдэгдэхгүй байх;
8.1.8. Бусад этгээдийн зээлийн батлан даагч, хамтран зээлдэгч болохдод үндсэн зээлдэгчийн төлбөрийн чадвар, эрсдэлийн талаар сайтар судлах,хуулийн болон санхүүгийн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах;
8.1.9. Цахим шуудан, интернет, мобайл банкны сувгуудыг ашиглахдаа хувийн мэдээллийн нууцаа хамгаалах, залилан болон хулгайн гэмт хэргийн эрсдэлээс сэргийлэх.
9. ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ
9.1. Банк харилцагчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх бүтэцтэй байна.
9.2. Банк харилцагчийн гомдлыг хүлээж авах арга хэлбэр, холбоо барих хаяг, хариуцсан нэгж, ажилтны нэрийг цахим хуудас, салбар, тооцооны төвийн байранд харагдахуйц хэлбэрээр байршуулж, харилцагч хүссэн тохиолдолд амаар болон утсаар мэдээлэл өгнө.
9.3. Харилцагч банкны үйлчилгээний талаарх гомдлыг амаар болон бичгээр, эсвэл харилцаа холбооны бололцоот бүхий л хэрэгслээр (шуудан, цахим шуудан, цахим банк, утас) дамжуулан гаргаж болно.
9.4. Банк харилцагчийн гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 15 – н хоногийн дотор гомдлыг шийдвэрлэсэн хариу, эсвэл гомдлыг шийдвэрлэхэд цаашид шаардлагатай байгаа хугацаа, түүний үндэслэлийн талаар тайлбарыг хүргүүлнэ.
9.5. Банк өөрийн үйлчилгээний талаар харилцагчаас гаргасан бүх гомдол, тэдгээрийг шийдвэрлсэн байдал, үндэслэл, авсан арга хэмжээний талаарх бүртгэл хөтөлж хадгална.
10. БУСАД
10.1. Банк үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хүндэтгэн дээдэлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль орчныг хамгаалах, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх талаар хичээн ажиллах болно.
10.2. Банк хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд банкны үйлчилгээг хамгийн тохиромжтой хэлбэрээр хүргэх, салбар, тооцооны төвд ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх талаар онцгой анхаарал тавьж сайжруулалтыг тасралтгүй хийх болно.
10.3. Банк ажилтнуудынхаа мэдлэг туршлага, үйлчилгээний болон харилцааны чадварыг дээшлүүлэх зорилгоор тэдгээрийг тогтмол сургалтад хамруулж, мөн энэхүү кодекст заасан зарчмуудыг хэвшүүлж сургах талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
10.4. Банкны ажилтнууд харилцагч, үйлчлүүлэгчтэй харьцахдаа хүндэтгэлтэй, мэдрэмжтэй, найрсаг байх, ялгаварлан гадуурхахгүй байх, харилцагчийн онцлог, тусгай хэрэгцээг ойлгох, хэрэгтэй мэдээллээр хангах талаар хичээн ажиллах болно.
10.5. Энэхүү кодекс нь харилцагчид хуулиар олгосон эрх, ногдуулсан үүргийг хөндөхгүй бөгөөд маргаан таслах ажиллагаанд хэрэглэх хэм хэмжээнд тооцогдохгүй. Мөн банкнаас санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөлд орохгүй, банк, харилцагч хоорондын аливаа гэрээг тайлбарлах, гэрээний бүрдэл болох зорилго агуулаагүй болно.
***