Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Нийт 16000 гаруй ажилтантай Монголын банк, санхүүгийн салбарын 24 – н байгууллагын төлөөлөл болох Монголын Банкны Холбооны нэрийн өмнөөс эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монголын Банкны Холбоо нь гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрхийн төлөө 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус байгууллага юм. Миний бие энэхүү байгууллагын Ерөнхийлөгч хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай албыг 2025 оны арван хоёр дугаар сараас хүлээн авч ажиллаж байна.
Санхүүгийн салбарын 90 гаруй хувийг бүрдүүлдэгийн хувьд банкны салбар нь эрүүл засаглалтай байж, эдийн засаг, нийгмийн тэнцвэртэй хөгжлийг цогцлоон, иргэдийн амьдралыг сайжруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд, миний бие бүрэн эрхийн хугацааны туршид Холбооны ажлын алба, салбарын хамт олонтойгоо хамтран доорх үндсэн чиглэлийн хүрээнд тодорхой ахиц гаргаж үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна. Үүнд:
Нэгд. Санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих.
Хоёрд. Хууль эрх зүйн орчныг сайжруулах.
Гуравд. Нөлөөллийн болон хамтын ажиллагааг сайжруулах.
Дөрөвт. Иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх.
Банкны салбарын 16 мянган ажилтан, тэдний гэр бүл, хамгаас үнэ цэнтэй харилцагчиддаа улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ, амжилт бүтээл, эрүүл энхийг чухалчлан хүсье.
Хүндэтгэсэн,
Ерөнхийлөгч
Осордэлэгийн ХҮРЭЛБААТАР