ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо хамтран эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, дэмжих, тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг шинэчлэх, үр ашиг бүхий санхүүжилтийн схем боловсруулахад хамтран ажиллах юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарт 139 буюу нэг бодлого, гурван зарчмын хүрээнд есөн ажил буюу шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний салбарыг чадавхжуулах, санхүүжилтийн схемийг илүү тодорхой болгоход хамтран ажиллана. Тухайлбал, төсөл, хөтөлбөрүүдэд зориулан хамгийн бага хүүтэй, хамгийн таатай нөхцөлтэй санхүүжилт олгох боломжийг эрэлхийлж, дотоод, гадаадын зах зээлд бонд гаргах чиглэлд хамтран ажиллана. Эрчим хүчний яамнаас таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Гүйцэтгэгчийг нь удахгүй шалгаруулна. Эдгээр болон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олгоход энэхүү санамж бичиг ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Харин Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Хүрэлбаатар “Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайдтай уулзсан. Тус уулзалтын үр дүнд хамтран ажиллах санамж бичгийг маш богино хугацаанд байгуулж байна. Монголын банкны холбоонд Хөгжлийн банк, арилжааны банкууд гишүүнчлэлтэй байдаг. Банкууд нэг нэгээрээ бус, нийлээд бодит салбарт оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахаар болж байгааг онцолъё. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд бүхий л боломжийг эрэлхийлэн хамтран ажиллах болно. Ажлын хэсэг байгуулж, шуурхай ажиллана” гэдгийг тодотгов.

Талууд цаашид эрчим хүчний хэмнэлт бүхий дэвшилт техник, технологи, шийдлийг дэмжин, ногоон санхүүжилтэд хамрагдах боломжтой төслүүдийг тодорхойлж, хямд эх үүсвэр, урт хугацаатай ногоон бонд, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах юм. Хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломж нэмэгдэж, хөрөнгө оруулалт татах нөхцөл сайжран, хараат байдлыг бууруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy