БАНКНЫ САЛБАРЫН “БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ- 2027” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын банкны холбооноос “Бодлогын хэлэлцүүлэг-2027” арга хэмжээг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголбанкны удирдлагын баг бүрэлдэхүүн оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкнаас Эдийн засгийн төлөв байдал, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г танилцуулав. Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувийн голчтой, ±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахын зэрэгцээ санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, хяналт зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл баримталж буй бөгөөд гадаад, дотоод орчны өөрчлөлт, инфляц болон эдийн засгийн цаашдын төлөвийг танилцууллаа. 

Харин Монголын банкны холбооноос Монгол Улс дахь чанаргүй зээлийг шийдвэрлэх эрх зүйн тогтолцооны асуудал, зээлийн мэдээллийн тогтолцоо сэдвээр танилцуулга хийлээ.

“Бодлогын хэлэлцүүлэг” нь 2027 оны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, бизнесийн санхүүжилт, активын удирдлага, технологийн шинэчлэл зэрэг өргөн сэдвээр гарц шийдлийг хамтран эрэлхийлсэн хэлэлцүүлэг боллоо.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy