БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2021 оны эхний хагас жилийн тайлан

Эдийн засгийг дэмжиж буй ганц хөрөнгө оруулалт нь банкны зээл байлаа

Өмнөх оны турш царцанги байдалтай байсан банкны салбарын зээлийн үлдэгдэл 2021 он гарсаар эрчимтэй өсч эхлэв. 2021 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн үлдэгдэл цөөн хэдэн сарын дотор 20 орчим их наяд хүртэл нэмэгдэж, 10 гаруй хувиар өсөөд байна. Уг өсөлт нь “10 их наядын хөтөлбөр”-ийн үр дүн бөгөөд эдийн засгийг дэмжиж буй ганц хөрөнгө оруулалт нь банкны зээл байлаа.

Гэвч банкны салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ буурахгүй байна. Ялангуяа Ковид 19-ийн цар тахал эхэлснээс хойш иргэдийн зээлийн хэмжээ мэдэгдэхүйц муудаж байгаа.

2021 оны 6 дугаар сарын байдлаар банкны нийт зээлийн багцын 7 хувь нь хугацаа хэтэрсэн, 11 хувь нь чанаргүй, 20-иод хувь нь цар тахлын нөлөөнд автсаны улмаас 10 зээл тутмын 4 нь ямар нэгэн асуудалтай байна.

Банкуудаас гадна төрийн санхүүжилтийн механизмуудад үүссэн чанаргүй зээлүүдийн хэмжээ их байгаа нь цаашид шинээр зээл гаргаж эдийн засгийг дэмжих боломжийг хязгаарлах нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Иймд, чанаргүй зээлийн асуудлыг зохицуулах механизм, эрх зүйн орчинг бүрдүүлэх нэн чухал шаардлага бий.

Зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хувьд, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг оруулж тооцсоноор 12 хувь буюу сарын хүү 1 хувийн түвшинд хүрсэн амжилттай байна. Харилцах, хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн эрх зүйн зохицуулалтын нөлөөгөөр 2020 оноос хойш хадгаламжийн хүү 4.5 нэгж хувиар буурлаа.

Хэдийгээр банкны хадгаламжийн хүү буурсан ч, иргэд, ААН-ийн банканд итгэх итгэл хэвээр байгаа нь төгрөгийн хадгаламж 36 хувиар өссөнөөс харагдаж байна. Тиймээс 2021 оны эхний хагас жилийн байдлаар системийн нөлөө бүхий топ 5 банкны эх үүсвэр өсөлттэй гарчээ. Мөн банкуудын өөрийн хөрөнгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгааг тойм судалгаанаас харж болно.

Эдийн засгийн сэргэлт цар тахлын эсрэг арга хэмжээнээс шалтгаална

2021  оны эхний хагас жилд эдийн засаг 6,3 хувиар өссөн. Ийнхүү өсөхөд уул уурхайн салбарын өсөлт, мөн экспортын түүхий эдийн үнийн өсөлт томоохон хувь нэмэр орууллаа. Тухайлбал, эхний хагас жилд уул уурхайн салбар 24 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 23 хувиар өсжээ. Уул уурхайгаас бусад салбарын хувьд цар тахлын нөлөөгөөр удаашралтай байна.

Эдийн засгийг эрэлт талаас нь харвал, хэрэглээ 9 хувиар буурсан, хөрөнгө оруулалт 12 хувиар өсжээ. Өрхийн орлого 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар өссөн боловч инфляцийн нөлөөг тооцож үзвэл бодитоор бууралттай байна. Нийт ажиллагсадын тоо 80 мянгаар буурч, 1,100 мянга гаруй болсон байна.

Эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн өсөлтгүй үед дотоодын хөрөнгө оруулалт өсөв.

Монгол улсын инфляци 2021 оны 7 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн байна. Харин дэлхийн улс орнуудын инфляцид сөргөөр нөлөөлж буй нэг томоохон хүчин зүйл нь гадаад тээврийн зардал болоод байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд инфляци ихээр өсч байгаа нь цаашид эдгээр орнууд хүүгээ өсгөх, ингэснээр дэлхийн зах зээл дээрх санхүүгийн нөхцөл байдал чангарах хүлээлт байна.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдээс гадна цар тахалтай тэмцэж буй арга хэмжээнүүдийн үр дүнгээс Монгол Улсын эдийн засаг хэр хурдан сэргэх нь шалтгаална.

Судалгаатай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy