БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2024 оны II улирлын гүйцэтгэл
Зуны сар зургаа биш дээ
Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, хэт өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ огцом нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгджээ.
Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байна. Барилга, боловсруулах салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байна. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар өссөн хэдий ч импортын бараа, бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.
Зуны цаг зургаа биш гэдгийг санаж шинээр томилогдсон Засгийн газар төсвийн зардлыг үр ашигтай зарцуулах, экспортын гол бүтээгдэхүүний үнийн бууралт, түүнийг дагасан эдийн засгийн сөрөг үр дагавруудыг тооцон ажиллах нь чухал байна.
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БАНКНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА
- Банкуудын олгож буй зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
- Банкуудын зээлийн чанар сайжирчээ.
- Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж нэмэгдсэн нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүллээ.
- Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байна.
- Мөнгөний нийлүүлэлт 30 орчим хувиар нэмэгджээ.
- Банкуудын хувьцааны өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр байна.
Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Leave a Reply