БАНКНЫ САЛБАРЫН ТОЙМ: 2024 оны III улирлын гүйцэтгэл

Хоёр иртэй хутга
Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар нэмэгдлээ. Иргэдэд хэрэглээний зээл түлхүү олгогдсон бол боловсруулах салбараас бусад салбарт бизнесийн зээл өсөлттэй байна. Чанаргүй зээл буурч сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрчээ. Инфляцын түвшин тогтворжиж, төгрөгийн ханш тогтвортой байсан нь төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжөөс өндөр байхад нөлөөлөв.
Мөн уул уурхай, тээвэр, худалдаа болон үйлчилгээний салбарын идэвхжил нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж эдийн засаг 5 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт харьцангуй сул байлаа.
Оны эхнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт өсөлттэй байсан бол нөгөө талдаа авто машины болон хөрөнгө оруулалтын зориулалттай бараа бүтээгдэхүүний импортын өсөлт өндөр байлаа.
Урсгал дансны алдагдал нь төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлсөн бол гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлжээ. Төсвийн үндсэн тэнцэл ашигтай гарч төсөвт ирэх дарамтыг бууруулж байна.
Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээний өсөлтийг өндрөөр таамаглан ирэх 2025 оны төсвийг тэлж байгаа нь ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас импортыг дэмжих замаар инфляц, төлбөрийн тэнцэл болон төгрөгийн ханшид дарамт учруулах эрсдэл өндөр байна. Иймд төсвийн хэт их тэлэлт нь хоёр иртэй хутга шиг эргээд эдийн засгаа тэлэх боломжийг үгүйсгэх вий.
2024 ОНЫ III УЛИРАЛД БАНКНЫ САЛБАРТ ГАРСАН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ, ЦААШДЫН ХАНДЛАГА
- Банкуудын зээлийн өсөлт үргэлжилсээр байна.
- Банкуудын зээлийн чанар сайжирчээ.
- Банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж 20 хувьтай байна.
- Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт өсөлттэй.
- Банкуудын хувьцааны ханш бусад салбартай харьцуулахад хямд байна.
- Төгрөгийн хадгаламжийн өгөөж валютын хадгаламжийн өгөөжөөс өндөр байна.
Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Leave a Reply