Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

БИ-Банкир

1-Р Сар 08, 2019

Эмч өвчтөнөө аюулт өвчнөөс аварснаараа, багш нь шавьдаа насан туршийнх нь боловсролыг олгодгоороо бахархдаг. Үнэхээр ч бахархахгүй байхын аргагүй юм. Цаашилбал, нийтийн тээврийн жолооч, тохижилт үйлчилгээний ажилтан, тогооч, цахилгаанчин, гуталчин ... гээд бахдам сайхан мэргэжлийн жагсаалтууд уртаас урт хөвөрдөг.

Харин би бол Банкир. Тэгвэл миний ажлын бахархал юу юм бол? Зангиа, хослол өмсдөгөөсөө болж бусдын нүдэнд “цагаан гартан” мэт харагддаг ч бидний ажлын үр дүн бусдад ил харагддаг болов уу?

Саяхан даа. Олон нийтийн сүлжээнд нэгэн хүн урт хугацаатай ипотекийн зээлийн төлбөрийн хуваариа дэлгэж, хүүгийн төлбөрийн хэмжээ нь үндсэн зээлийн төлөлттэйгөө дүйцэхүйц байгааг “илрүүлснээ” зарлан, “шулаач банк” - уудтай хатуу тэмцэхийг нийтэд уриалсан. Олон ч хүн түүнийг дэмжиж байгаа нь анзаарагдсан. Гэхдээ:

• Ипотекийн зээлийн хүү хугацаатай хадгаламжийн хүүнээс бага байгааг хэн ч анзаарсангүй.

• Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг эхлээд бууруулах учиртайг хэн ч ярьсангүй.

• Зөвхөн Монголд ч биш бүхий л улс оронд урт хугацаатай зээлийн төлбөрийн хуваарь ийм байдгийг хэн ч хэлсэнгүй.

Тэгвэл иргэдийн сайн муу үгэнд байнга чичлүүлдэг банкны салбар нь бидэнд ямар өөрчлөлт авчирсныг эргэн харцгаая.

Ердөө 20 хүрэхгүй жилийн өмнөх цалин буусан нэг өдрийг хамтдаа дурсъя. Байгууллагын ажилчид цалингаа авахын тулд нярвынхаа үүдэнд уртаас урт дараалал үүсгэн зогсдог байлаа. Өвчтэй, чөлөөтэй, томилолттой гээд ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан өөрийн биеэр л ирэхгүй бол цалингаа авч чаддаггүй байв. Авсан хэдэн төгрөгөө халаасны хулгайчид суйлуулчих вий гэхдээ далдын далд хийгээд айж хулмаганан явдаг байсан.

Харин одоо бол энэ ердөө л дурсамж төдий. Цалингаа картаар аваад, нууц кодоороо хамгаалаад сэтгэл амар явдаг болсон. Үүнийг дагаад хэрэглээгээ ч хянаж чадаж байна. Энэ бол

ТОМ ХӨГЖИЛ.

Банк “тусгай хүмүүс”-д ажлын цагаар үйлчилдэг байгууллага байхаа больж эмч, багш, цагдаа, нийтийн тээврийн жолооч гээд хүн бүхний гар утсанд багтдаг 24 цагийн үйлчилгээтэй болж өөрчлөгдсөн. Энэ бол ТОМ ДЭВШИЛ.

Орон сууцтай болох нь хэдэн арван жилээр хуримтлуулсан ч хэзээ ч биелдэггүй мөрөөдөл байхаа больсон. Гэнэтийн хэрэгцээтэй үедээ таньдаг мэддэг бүхий л хүнээ царайчлан мөнгө гуйж сандран гүйхээ ч больсон.

Энэ бол ТОМ ӨГӨӨЖ.

Би эдийн засагч. Олгосон зээл болгон минь тухайн зээлдэгчийн амьдрал, бизнесийг дэмждэгт би урамшдаг. Банкны зээлээр санхүүжсэн олон бизнес амжилттай хэрэгжиж, өсөн дэвжиж байгаагаас урам авч, уг бизнесээр дамжуулан улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ ч итгэдэг.

Малчид, тариаланчид цаг агаарын байдлыг анхааралтай ажигладагийн адилаар эдийн засагч хүн зээл олгосон салбарынхаа төлөв байдлыг байнга анзаардаг. Тиймээс ч бид бүхий л салбарын талаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй болдог. Энэ нь миний мэргэжлийг бусдаас ялгаатай, онцгой болгож чаддаг юм.

Би банкинд ажилласнаараа, тэр тусмаа эдийн засагч хийснээрээ дээр дурдсан давуу талуудыг болон харилцааны ёс зүй, хариуцлагатай шийдвэр гаргалт, шударга нямбай байдлыг өөртөө өдөр бүхэн төлөвшүүлэх болсон. Банкны ажилтанд зайлшгүй байх ёстой энэхүү үнэт чанар нь ирээдүйн зорилгод минь мөнгөөр хэмжигдэшгүй ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ юм.

Технологийн хурдацтай хөгжил нь банк санхүүгийн салбарт хамгийн хүчтэй нөлөөлж, уламжлалт бизнес загварыг өөрчлөхөд хүргэж байна. Энэхүү огцом өөрчлөлттэй хөл нийлүүлэхийн тулд банкны мэргэжилтнүүд бусдаас илүүтэйгээр суралцах шаардлага тулгардаг. Энэ сорилт нь өөрчлөлтөд хурдтай зохицох, уян хатан байх дадлыг бий болгож, зах зээлд хөрвөж чадахуйц мэргэжилтэн болоход түлхэц болдог.

Би “Үндэсний баялаг бүтээгчдийн түнш, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч банк” - ны ажилтан. Манай банк харилцагчаа эрхэмлэн, санхүүгийн цогц үйлчилгээг шинэлэг хэлбэрээр баяжуулан түгээдэг учраас би энэ банкны нэгэн эд эс гэдгээрээ бахархаж, өөрийгөө хүндэлдэг.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь дэвшилтэт технологийг харилцагчдадаа хамгийн энгийн, ойлгомжтойгоор хүргэж чаддаг болохоор би харилцагчдынхаа өмнө нүүр бардам, итгэл төгс байдаг. Банкны ажилтан бүр харилцагчдынхаа амжилтын төлөө өндөр ухамсартай, нэгэн тэмүүлэлтэй ажилладаг учраас би өглөө бүр ажилдаа урам зоригтойгоор ирдэг.

Би эдийн засагч. Би Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны ажилтан. Үүгээрээ би ямагт бахархдаг. Би БАНКИР.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны Төв салбарын харилцааны менежер Ө.Рагчаа