Гар урлалын бүтээлийн уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардууллаа

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аяны хүрээнд Монголын Банкны Холбооноос 0-3 насны хүүхэдтэй, гэртээ хүүхдээ асарч буй ээжүүдийн дунд гар урлалын бүтээлийн уралдаан зарласан. Энэхүү уралдаан нь хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдийн нийгмийн оролцоог дэмжих, гэр бүлийн болон хүүхдүүдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой байв.

Уралдаанд 60 гаруй хүн оролцож, “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аяныг сурталчилахын зэрэгцээ уралдаанд зориулж хийсэн өөрсдийн бүтээлүүдээ нийгмийн сүлжээнд тавьж, олон нийтийн хүртээл болгосон. Тэднээс 20 орчим бүтээл нь уралдааны шалгуурыг хангасан бөгөөд уралдааны удирдамжийн дагуу 5 ээжийг шалгаруулж, өргөмжлөл, банкуудын гарын бэлэг, мөнгөн шагналыг хүүхдийнх нь нэр дээр хуримтлал үүсгэх хэлбэрээр олголоо.

“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” аян нь хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг бага наснаас нь эхлэн дэмжих, санхүүгээ зүй зохистой удирдан төлөвлөх мэдлэг, чадвар, дадал зуршлыг бий болгоход чиглэсэн, жил бүр зохион байгуулагддаг олон улсын сайн дурын кампанит ажил юм. Энэхүү аяныг 2012 оноос хойш Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс зохион байгуулж буй. Энэ жил тус аяныг “Суралц, Хуримтлуул, Өсгө” буюу мөнгийг ухаалаг зарцуулахад суралц, ирээдүйдээ зориулж хуримтлуул, гэр бүлийнхээ болон өөрийнхөө төлөө өсгө уриатай зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy