ЖДБ-ийн санхүүгийн хүртээмж форум 2017 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

 

Монголын Банкны Холбоо (МБХ) нь Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00-13:30 цагийн хооронд Бэст Вэстерн Примьер Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Санхүүгийн хүртээмж нь бизнесийн өргөжилт хөгжилтийн гол асуудал бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалт инноваци хийх боломжгүй нь тодорхой. Монголбанкны 2017 онд гаргасан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” судалгаагаар “жижиг дунд бизнесийг арилжааны банкууд хамгийн сайн дэмждэг” гэсэн үр дүн гарсан хэдий ч санхүүжилт авахад гардаг хүндрэл нь бизнесийн ялангуяа жижиг дунд бизнесийн өсөлтийг саатуулдаг үндсэн бэрхшээл юм.

Судалгаанаас үзэхэд манай улсад нийт 60 гаруй мянган бизнесийн байгууллага “жижиг”, “дунд” гэсэн ангилалд багтаж байгаа. Тэдгээр бизнесүүд ДНБ-ний 20 хувийг гаргадаг ч нийт ажиллах хүчний 70 хувийг ажиллуулдаг. Ялангуяа энэ ЖДБ-ийг “бойжуулах” нь уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын эдийн засгийг олон чиглэлээр хөгждөг болоход чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр жижиг дунд бизнесийн үйл ажиллагааны орчинг сайжруулах, татварыг бууруулах, чадавхийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч ирсэн. Гэвч жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх ялангуяа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй байлгах хэрэгцээ тулгарсаар байна. Энэхүү хэрэгцээг хэлэлцэж тодорхойлох хүрээнд уг форумыг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд нийт 250 орчим төлөөлөл оролцлоо.

Форумын үеэр ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн олон улсын сайн туршлага, факторинг, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт зэрэг шинэ бүтээгдэхүүнийг Монгол Улсад хөгжүүлэх боломжийн талаар олон улсын мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.

Тус форумын онцлог нь бэлтгэл ажлын хүрээнд банк, ББСБ-ууд, ЖДБ эрхлэгчид болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалтуудыг хийж дуусгасан ба энэ арга хэмжээний үеэр урьдчилсан уулзалтуудаар хэлэлцсэн саналыг нэгтгэн танилцуулах, тулгамдаж буй асуудлаа дахин ярих бус тэдгээрийн шийдлийг эрэлхийлж, цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршиж байлаа.

Оролцогчдоос ЖДБ-ийн бодлого, бизнесийн орчныг тодорхой болгох, санхүүжилтийн орчин, нөхцөлийг сайжруулах, энэ хүрээнд шинэ төрлийн зорилтот бүтээгдэхүүнийг бий болгох, мөн түүнчлэн ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа мэдээллийг нарийвчлан гаргах, тогтмолжуулах гэсэн чиглэлүүдээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаашид нэгдсэн бодлого, чиглэл дор хамтран ажиллахыг онцолж байв.

Форумын үр дүнд ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудыг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг төр ба хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулах, хийсэн ажлуудаа дараа дараагийн форум, хэлэлцүүлгийн арга хэмжээнд хэлэлцэж дүгнэдэг, авах арга хэмжээгээ тодорхойлдог байдлаар ажиллахаар боллоо.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцоотой энэ ажлын хэсэг үр дүнтэй ажиллахад дээр дурдсан байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг мөн онцолж байсан юм.

Монголын Банкны Холбоо

Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy