“ЖДБ-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” зохион байгуулагдана

Монголын Банкны Холбоо (МБХ)-ноос Европын сэргээн босголт хөгжлийн банк (EСБХБ)-тай хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Бэст Вэстерн Примьер Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Санхүүгийн хүртээмж нь бизнесийн өргөжилт хөгжилтийн гол асуудал бөгөөд хүрэлцэхүйц хэмжээний санхүүжилтгүйгээр хөрөнгө оруулалт инноваци хийх боломжгүй нь тодорхой. Монголбанкны судалгаагаар жижиг дунд бизнесийг арилжааны банкууд хамгийн сайн дэмждэг гэж гарсан хэдий ч санхүүжилт авахад гардаг хүндрэл нь бизнесийн ялангуяа жижиг дунд бизнесийн өсөлтийг саатуулдаг үндсэн бэрхшээл юм.

Судалгаанаас үзэхэд манай улсад нийт 60 гаруй мянган бизнесийн байгууллага жижиг дунд гэсэн ангилалд багтаж байгаа. Тэдгээр бизнесүүд ДНБ-ний 20 хувийг гаргадаг ч нийт ажиллах хүчний 70 хувийг ажиллуулдаг. Ялангуяа энэ салбарыг өсгөн бойжуулах нь уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын эдийн засгийг олон чиглэлээр хөгждөг болоход чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр жижиг дунд бизнесийн үйл ажиллагааны орчинг сайжруулах, татварыг бууруулах, чадавхийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч ирсэн. Гэвч жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ялангуяа санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй байлгах хэрэгцээ тулгарсаар байна. Энэхүү хэрэгцээг хангах нь уг Форумын үндсэн зорилго бөгөөд арга хэмжээний үр дүнд ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудыг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг төр ба хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулахад санал нэгдэх юм.

Форумын бэлтгэл ажлын хүрээнд банк, ББСБ-ууд, ЖДБ эрхлэгчид болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан дугуй ширээний уулзалтуудыг хийж дуусгаад байгаа ба уг уулзалтуудаар хэлэлцсэн саналыг форумын үеэр нэгтгэн танилцуулах юм.

Арга хэмжээтэй холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар хандана уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy