Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг аянуудыг дүгнэлээ

Банкны салбарын хэмжээнд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Дэлхийн хуримтлалын өдөр” болон “Ятгах тусам нягтал” аянуудыг энэ жил амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс аянд идэвхтэй оролцсон банк, санхүүгийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудыг шагнаж урамшуулан, талархлаа илэрхийллээ.

Монгол Улс 2012 оноос хойш тэмдэглэж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг энэ жил Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Жил бүрийн аравдугаар сарын турш арилжааны банкууд болон Монголбанкны орон нутаг дахь салбар, нэгжүүд хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болох “тэмээ”-г сурталчилж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанудыг зохион байгуулдаг. 

Тэгвэл энэ жил тус аянд орон нутгаас идэвх, санаачилгатай оролцсон дараах банкуудыг тодруулж, шагналаа.

  • Тэргүүн байр, Голомт банк,
  • Дэд байр, Худалдаа, хөгжлийн банк,
  • Гутгаар байр, Богд банк,

Түүнчлэн, Монголбанкны дараах орон нутаг дахь салбар, хэлтсүүдийг тодруулав.

  • Тэргүүн байр, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар, 
  • Дэд байр, Өвөрхангай аймаг дахь Монголбанкны хэлтэс,
  • Гутгаар байр, Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар.

Мөн өнгөрсөн долоодугаар сарын 19-ний өдрөөс аравдугаар сарын 31-ний өдрийн хооронд “Ятгах тусам нягтал 2021” аяныг Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран хэрэгжүүлсэн. Ийнхүү санхүүгийн залилан луйвраас урьдчилан сэргийлж, иргэдийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулан, аянд идэвх, санаачилгатай оролцсон Хаан банкийг тэргүүн байраар шалгарууллаа.

Мөн дараах байгууллагуудыг Монголбанкнаас тодруулан урамшуулав.

  • Тэргүүн байр, Дорноговь аймаг дахь Монголбанкны салбар,
  • Дэд байр, Архангай аймаг дахь Монголбанкны салбар,
  • Гутгаар байр, Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтэс,

Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй ч нөгөө талаар иргэдээс мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг шаардах болсон. Тиймээс ч олон нийт, банкны харилцагчдын санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн эдгээр аянууд жил ирэх тусам өргөжин, оролцогч байгууллагуудын зүгээс ч ихээхэн ач холбогдол өгч, шинэ санаачилгуудыг гарган хэрэгжүүлж байна. 

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy