“Монголын банкны форум” Нью-Йоркт анх удаа зохион байгуулагдлаа
“Capital Markets Mongolia” компанийн зохион байгуулж буй “ Нью-Йорк дахь Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” үйл ажиллагааны хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Монголын банкны форум” АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдлаа.
Форумд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, М банк оролцлоо. Форумын үеэр, Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Л.Сонор “Монголын эдийн засгийн төлөв” сэдвээр, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Монголын банкны салбар” сэдэвтэй танилцуулга хийсэн бөгөөд зохицуулагч байгууллагууд болон банкны төлөөллүүд оролцон хэлэлцүүлгүүд болсон юм.
“Монголын банкны форум” өдөрлөгт гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцохоор бүртгүүлж, банк, санхүүгийн салбарынхантай харилцан мэдээлэл солилцож, уулзаж ярилцсан. Оролцогчдын дунд BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй банк, санхүүгийн салбар, үнэлгээний байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулалтын сангууд оролцов.
Монголын банкны салбарын нийт актив тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд системийн ач холбогдолтой хамгийн том таван банк нээлттэй хувьцаат компани болж, дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь чухал алхам болсон талаар Монголбанк, СЗХ-ны удирдлагууд онцолж байлаа. Цаашид банкны салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, тэдэнд үйл ажиллагаа, өсөлтийн боломжоо таниулах нь чухал болохыг оролцогчид онцолж байсан юм.
Монголын банкуудын хувьд дижитал банкны үйлчилгээг хурдтай нэвтрүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Төв Азийн орнууд дунд тэргүүлж байна. Мөн банкны салбарын хөрөнгө оруулагчдын өгөөж 19.4%-тай байгаа нь Төв Азийн орнууд дундаа Казахстан, Киргизстаны дараа орохуйц харьцангуй өндөр үзүүлэлтэд тооцогдож байгааг Монголын банкны холбооноос онцолсон.
Энэ удаагийн “Монголын банкны форум” нь Нью-Йорк хотод анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Зохион байгуулагч “Capital Markets Mongolia” компанийн хувьд цаашид Монголыг Хойд Америк төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдад таниулах, тэдний сонирхлыг татахад чиглэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна.
Leave a Reply