Монголын банкны холбооны удирдлагын баг шинээр сонгогдлоо

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит XVII чуулган 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Энэ удаагийн чуулганаар, МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээг дахин нэр дэвшүүлж, чуулганы гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчөөр томилогдлоо. Түүнчлэн, Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар нар МБХ-ны Дэд ерөнхийлөгч томилогдов.

Б.Мэдрээ нь, МБХ-ны ерөнхийлөгчөөр ийнхүү гурав дахь удаагаа томилогдож байна.  Тэрбээр банк, санхүүгийн салбарт 35 жил ажиллаж буй. Монголын ууган банк Худалдаа, хөгжлийн банкийг үүсгэн байгуулж, тус банкны гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Капитрон банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Цаашид МБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа, корреспондент банкны харилцааг нэмэгдүүлж, ам.долларын гүйлгээг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, банкны зардлыг бууруулахад дундын дэд бүтцийг дэмжих, цахимжилтыг дэмжих ажлын хүрээнд шинэ технологид суурилсан арга хэрэгслээр дамжуулан харилцагчийг цахимаар, зайнаас таньж мэдэх, данс нээх эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахаа илэрхийллээ.

Г.Саруул нь 2014 оноос хойш Богд банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өмнө нь 2011-2014 онд Монголын хөрөнгийн биржийн Дэд захирал, 2010-2011 онд Монгол Улсын Сангийн яаманд зөвлөх, 2004-2010 онд АНУ-ын арилжааны банк болон хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байв. Тэрбээр 1999-2004 онд АНУ-ын Лоёола их сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж, төгсжээ.

Б.Үүрцайхбаатар нь 2021 оны долоодугаар сараас эхлэн тус банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Өмнө нь 2016 оноос Капитрон банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Бизнес хариуцсан Дэд захирал, түүнээс өмнө Чингис хаан банканд Цахим банкны ахлах мэргэжилтэн, Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн захирал, 2006 онд Улаанбаатар хотын банканд эдийн засагчаар ажиллаж байв. Тэрбээр 2006 онд СЭЗИС-ийг Санхүүгийн удирдлагын бакалавр, 2014-2016 онд Тайванийн Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуульд Санхүү удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Монголын банкны холбооны удирдлагын баг нь ерөнхийлөгч, гурван дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй. Удирдлагын багийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч нараас гадна Дэд ерөнхийлөгчөөр ХААН Банкны Гүйцэтгах захирал Р.Мөнхтуяа, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Амар тус тус ажиллаж байна.

Харин өнгөрсөн бүрэн эрхийнхээ хугацаанд мэргэжлийн манлайлал гарган ажилласан Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирал асан Д.Баттулга нарт талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье!

Монголын банкны холбоо нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк болон гадаадын банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн чиглэлийн байгууллагууд, финтек компаниуд зэрэг нийт 37 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд нийт гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх замаар хувь нэмрээ оруулж, санхүүгийн салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд манлайлж, ажиллах зорилготой билээ.

МБХ-ны ээлжит  чуулганы дараа үргэлжлүүлэн МБХ-ны “Шилдэг БАНКИР” өргөмжлөл, “Талархал”-ыг гардуулсан юм. Банкны салбарын шилдгийн шилдгүүдийг тодорхойлох 10 дахь удаагийн “Шилдэг БАНКИР” шагналыг дараах банкируудад олгов;

  • Голомт банкны Аудит хариуцсан захирал А.Одонбаатар
  • Төрийн банкны Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Х.Лхагвасүрэн
  • Хасбанкны Мэдээллийн технологи хариуцсан захирал Х.Өнөрбат
  • ХААН Банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд
  • Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн хамтын ажиллагааны хэлтсийн захирал Э.Шинэбаяр
  • Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Чандмань
  • Тээвэр хөгжлийн банкны Шангри-Ла салбарын захирал С.Алтанцэцэг
  • Монгол Улсын хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын Ахлах мэргэжилтэн Д.Гүрбазар
  • Зээлийн батлан даалтын сангийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга бөгөөд Эрсдэлийн удирдлагын Ахлах мэргэжилтэн Б.Ариунаа
  • “360 Файнанс ББСБ”-ын Гүйцэтгэх захирал Г.Батгэрэл
  • Монголын тогтвортой санхүүгийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь
  • Монголын банкны холбооны Ахлах менежер бөгөөд Нягтлан бодогч Л.Отгон-Аюуш

Харин МБХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг дараах банкируудад мөн “Талархал” гардуулав;

  • Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар
  • МБХ-ны Комплаенсын мэргэжлийн зөвлөлийн Дэд дарга, Хасбанкны Комплаенсын хэлтсийн захирал Ц.Билгүүн
  • СЗХ-ны Үнэт цаасны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах О.Индра
  • Хасбанкны Гүйцэтгэх захирлын Шадар туслах С.Норов
  • МБХ-ны Хөрөнгө зохицуулалтын мэргэжлийн зөвлөлийн дарга, ХХБ-ны Арилжааны хэлтсийн захирал Б.Мөнхдэлгэр
  • МБХ-ны Маркетингийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Төрийн банкны Сурталчилгаа, идэвхжүүлэлтийн мэргэжилтэн Ш.Орхонбаатар
  • Банк санхүүгийн академийн Ахлах судлаач Ч.Сосорбарам

МБХ-ны нийт гишүүн байгууллагууддаа болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүдээ талархал илэрхийлж, амжилт хүсье! Ирж буй онд та бидний хамтын ажиллагаа улам өргөжин, дэвжих болтугай.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy