ШОКОНД БЭЛЭН ҮҮ ?

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар нэмэгдлээ.  Эдийн засгийн салбаруудын сэргэлтийг дэмжихэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа уул уурхай, боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгджээ. 

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гарахад уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, агуулахын салбар тогтвортой өсөлттэй байгаа нь чухал нөлөө үзүүллээ.  Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Барилга, боловсруулах салбар аажмаар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөө үзүүлсэн бол худалдааны салбарын өсөлт саарч байна. 

“Төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлсэн нь инфляцыг өдөөж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляц нэмэгдэж буй энэ үед төсвийн зарлагыг цар тахлын үеийнхээс 3 дахин ихээр төсөвлөсөн нь давхар эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлж “Гал дээр тос нэмэх”-тэй адил эрсдэл дагуулж байна” гэж Банк санхүүгийн академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам анхаарууллаа. 

Мах болон нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин сүүлийн 3 сарын хугацаанд тасралтгүй нэмэгдэж гурван сарын өмнөхөөс 2 дахин өссөн байна.  Төсвийн зардлыг огцом тэлэхийг тооцохгүйгээр инфляц оны эцэст 18 хувь хүрэх төсөөлөлтэй байгаа аж.

 “Иран, Украйны дайны нөхцөл байдлаас шалтгаалж МУ-ын эдийн засаг шатахууны нийлүүлэлтийн томоохон шоконд өртөх эрсдэлтэй байхад төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлэх үр нөлөөг инфляцаар дамжин иргэд нуруун дээрээ үүрэх дүр зураг харагдаж байна” гэж Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх Захирал Л.Амар онцоллоо.

Банкны салбарын 2026 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy